[БИДНИЙ НЭГ] Эгэл амьдралыг мөрөөдөгч ЗУРААЧ ХҮҮ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

“Том болоод эхнэр хүүхэдтэй болоод хөдөө амьдарна. Тэгээд хонио хариулж байхдаа байгалийн зураг зураад суумаар байна” хэмээн ярих энэ хүүг н.Ганзориг гэдэг. Тэр одоо 11 настай. Зураг зурах маш уртай. Зав л гарвал цаас, харандаа бариад суучихна.

Тэр ихэвчлэн байгалийн сайхныг дүрсэлдэг. Учир нь хөдөөний амьдрал түүнд их таалагддаг гэнэ.

Зурж байгаа зургаар нь хүүхдийн сэтгэл зүйг илэрхийлэх боломжтой гэдэг. н.Ганзориг анх хар бараан өнгөөр л зурдаг байж. Энэ нь түүний сэтгэлийн шархтай холбоотой байсан биз.

Зураг зурах бүрт өнгө нэмэгдсээр одоо олон өнгө оруулсан байгалийн зураг түлхүү зурдаг болжээ.

"Хөдөө амьдарна аа" хэмээн яриа эхэлсэн түүнтэй хэсэгхэн хором ярилцаж суув. 

-Хөдөө явж үзсэн үү?

-Үзсээн. "Хараацай" гэдэг зусланд явж байсан. Бас нэг удаа налайх дүүрэгт байдаг малчин айлд очиж байсан.

-Айлд очоод юу хийв, Морь унасан уу?

-Морь унаж үзээгүй ээ. Гараараа хүрч л үзсэн. Харин аавтайгаа хамт хонь хариулсан. Их гоё юм билээ.

-Хөдөө очоод үзсэн чинь гоё санагдсан уу?

-Тийм ээ. Бүх зүйл нь тайван, гоё юм байсан. Тийм болохоор л мал хариулж амьдармаар байна. 

-Багш чинь чамайг байнга л зураг зурж байдаг гэсэн. Чамд зураг зурахын юу нь таалагддаг юм бэ?

-Би байгаль бас хүн зурах маш их дуртай. Зураг зурж байх үед алдахгүйг хичээж, анхаарлаа төвлөрүүлдэг. Хичээж зурсан бүтээлээ харах, хүмүүст харуулах мэдрэмж хамгийн сайхан нь. Миний зургийг харсан хүмүүс их магтдаг. Магтаалын үг сонсохоор дахиад зураг зурмаар санагдаад гоё байдаг юм. (инээв)

-Өдөр бүр зураг зурдаг уу?

-Зургийн дугуйлан маань долоо хоногт хоёр удаа ордог юм. Хичээлээ тараад л шууд хүрээд ирдэг. Ирээд багшаар заалгаад зурна. Орой нь өрөөндөө ороод дахиад л өөрийг зурж эхэлнэ. Би бараг зураг зурахгүй байж чадахгүй байх аа. 

-Зураач нар зургаараа үзэсгэлэн гаргадаг шүү дээ. Чи үзэсгэлэн гаргана гэж боддог уу? 

-Тийм ээ. Зураач ах, эгч нарыг харахаар маш олон зураг зураад, түүгээрээ үзэсгэлэн гаргаж, зардаг юм билээ. Би бас үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа. 

Хүүтэй ийн хэсэг хором ярилцаж байтал хаалга онгойж, "Улсын шалгалт авах гэж байна. Багш чамайг дуудаж байна. Хурдлаарай Ганзоригоо" гээд ангийнх нь охин дуудав. Ганзориг ч "Баяртай эгчээ" гэсээр яаран сургууль руугаа явлаа. Бидний яриа хэсэгхэн хугацаанд өрнөсөн ч зургийг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон мөрөөдөл дүүрэн бяцхан хүүгийн эрч хүчтэй энерги өрөөнд үлдсэн мэт санагдав. Өрөөнд байрлуулсан зураг бүгд Ганзоригийнх... 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Мөнхжин(139.5.216.16) 2023 оны 04 сарын 06

Би энэ зургийг үзээд зурах санаа ,сэтгэхүй хөгжүүлэх зураг зурсан байна гэж бодлоо.Би зураг их сонирхдог би ч яаг энгэж зургийг маш ихээр хүсэж. Гэхдээ би ганц ч болтугай зургийн дугуйланд явж байгаагүй .Гэхдээ л би хэзээ нэгэн цагт зургийн үзэсгэлэн гаргана аа.

0  |  0
Top