Дэлхийд анх удаа гахайг роботын тусламжтай хувилав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

БНХАУ-ын Нанкай их сургуулийн эрдэмтдийн баг гахайг роботын тусламжтай хувилах арга боловсруулжээ. Зөвхөн робот оролцсон туршилтын дүнд долоон торой мэндэлсэн тухай “South China Morning Post” хэвлэлд мэдээлжээ.  

Гахайг хувилах явц бүрийг автоматжуулсан байсан бөгөөд ганц ч үйл явцад хүн оролцоогүй гэж эрдэмтдийн багийн гишүүн Лю Яовэй онцолсон байна.

Роботын тусламжтай амьтан хувилах нь клонын аргаар хувилах туршилтын үр дүнг нэмэгдүүлдэг байна. Учир нь роботын үйл ажиллагаа илүү нарийн, оновчтой байдаг аж. Роботууд эс гэмтээх нь маш ховор байдаг. 2017 онд Нанкай их сургуулийн эрдэмтэд гахайг клонын аргаар хувилж байсан ч зарим үйл явцад хүмүүс оролцож байжээ.

Энэ шинэ технологи дэлхийд гахайн махны хэрэглээгээр тэргүүлдэг Хятад улсад импортын бүтээгдэхүүнийг орлоход тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top