Г.Батсуурь: Хоршоолол бол хөдөөг хөгжүүлэх дэд бүтэц юм

2022 оны 03 сарын 26

Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр өчигдөр /2022.03.26/ боллоо. Тус хэлэлцүүлэгт Дэд сайд Г.Батсуурь оролцож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар илтгэл танилцуулсан юм.

Шинэ сэргэлтийн бодлогод “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжинэ; мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. “Орон нутагт бизнесийн орчныг дэмжих, хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг малжуулах болон бусад хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг бизнесийг төрөөс бодлогоор дэмжиж хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авах” талаар Дэд сайд Г.Батсуурь илтгэлдээ онцоллоо. 

Илтгэлийн дараа “Хөдөө аж  ахуйн салбарын үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого” сэдэвт хэлэлцүүлэг болж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгч Винод Ахужа, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа, Хан богд кашмер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болод нар панелистээр оролцсон. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  тогтвортой өсөлтийг дэмжих, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортыг нэмэгдүүлэх оновчтой шийдлийг төр, хувийн хэвшил хамтран тодорхойлоход энэхүү хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн юм.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top