[БИДНИЙ НЭГ] Украинаас ирсэн оюутан Д.ОТГОНМӨНХ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Дайн, байлдаантай кино л үзэж байснаас дайн болохыг нүдээрээ харж байгаагүй бидний үеийнхэнд энэ бол хэзээ ч төсөөлшгүй аймшигтай үзэгдэл...

Амьдарч байсан хот нь дайны халуун цэг болж, сургууль нь бөмбөгдөлтөд өртсөн Д.Отгонмөнхтэй бид уулзаж, ярилцлаа. Тэр Украинд болж буй үйл явдлыг "Хэзээ ч арилахгүй, хар дурсамжтай болж үлдлээ" хэмээн гунигтайгаар дүгнэлт хийсэн юм. 


Д.Отгонмөнх бол хүний нутагт эрдэм сурч байх хугацаандаа дайны халуун цэгт гэмгүй иргэд буудуулж үхэх, бөмбөг дэлбэрэхийг нүдээрээ харж, хэдхэн хоногийн өмнө амьдарч байсан дотуур байр нь дэлбэрэлтэд өртөхийг харсан гашуун дурсамжтай нэгэн. 

Тэрбээр Украин улсын Харьков хотын Нисэхийн сургуульд Мэдээлэл технологи, бизнесийн чиглэлээр дөрөв дэх жилдээ суралцаж байгаа. Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах зорилго тээж явсан охины бодол нэг л шөнийн дотор "салхинд хийссэн". Учир нь түүний амьдарч байсан улсад бидний хэзээ ч төсөөлж байгаагүй цус урсгасан хүнд дайн болж байна. 

Д.Отгонмөнхийн суралцаж байсан сургуульд хоёр монгол оюутан байдаг гэнэ. Тэд дайн болох эрсдэлтэй байгааг эртнээс мэдэж, эх орондоо ирэхийг хүссэн боловч дөрвөн жил сурсан сургуулиа төгсөхийн даваан дээр орхиж явахыг хүсээгүй. Улмаар цахимаар суралцах хүсэлтийг сургуулийн захиргаандаа гаргасан ч тус улсаас гадаад оюутнуудыг өөрийн улсын засгийн газраасаа  “Бид нар өөрсдийн улсын оюутныг албан ёсоор татаж байгаа” гэх албан бичиг авч ирэхийг шаарджээ. Гэтэл "Засгийн газраас бичиг хийж өгөөгүй, эх орондоо очмоор байна гэхэд алгаа тосоогүй" хэмээн итгэл алдарсан байдалтай ярьж байлаа. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Тэрбээр "Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-аас Украин руу дайралт хийж эхэлсэн. Харин бид түүнээс өмнө, хоёрдугаар сарын 16-нд дайн эхэлнэ гэсэн мэдээлэл харсан юм. Гэхдээ Украины албан ёсны сайтаас биш, Англи хэл дээр гарсан мэдээлэл байсан. Азаар 16-нд юу ч болоогүй. Түүнээс хойш дайн болохгүй юм байна гээд хүмүүс тайвширчихсан. Гэтэл 24-ны үүрийн таван цагт шууд бөмбөгдөөд эхэлсэн.

Украин улсад Монголын элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул гээд нэг Украин хүн л байдаг юм. Тийм болохоор Польш улсад байдаг Элчин сайдын яаманд харьяалагддаг. Дайны талаар мэдээлэл гарсан үеэс эхлээд бид сургуульдаа хандсан. Хэрэв дайн болбол яах вэ гэхэд “Дайн болоогүй байна. Та нар яагаад дайн болно гэж яриад байгаа юм бэ. Дайн болох эсэхийг хэн ч мэдэхгүй” гэсэн. Аргаа бараад бид "Онлайнаар сураад хичээлээ зохицуулаад явмаар байна" гээд өргөдөл бичиж өгсөн. Гэтэл хүлээж авахгүйгээр, "Засгийн газраас нь оюутнуудаа татаж авахыг хүссэн бичиг илгээсэн улсын оюутанд зөвшөөрөл олгож байгаа" гэсэн тайлбар өгсөн. Би консул руу залгаж, мэдээ орчуулж өгөөд, тайлбарласан ч ямар ч хариу өгөөгүй.  Бид нар ганцхан бичиг хүлээгээд л байсан. Сүүлдээ аргаа бараад тав дахь өдөр шууд нислэгээр ирэх билет захиалаад явах гэж байтал дөрөв дэх өдөр нь дайн болчихсон.

Польшийн хилээр гараад ирснийхээ дараа бид хоорондоо ярилцсан. Дайн дуусаад зүгээр болбол та нар явах уу гээд асуутал зарим нь явна гэсэн. Зарим нь явахгүй гэсэн. Гэхдээ дайн зогссон ч сүйрсэн улс буцаж сэргэх гэж маш олон жилийг зарцуулна. Тэр үеийг хүлээж байж чадахгүй. Тэгэхээр сургуулиа төгсөх боломжийг судалж үзнэ. Ер нь бол буцаж очихгүй" хэмээн ярилаа. 

Top