Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 33 хувийг л Улсын цэцэрлэгт бүртгэх боломжтой

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бага бүлэгт элсэх 35 мянга орчим хүүхэд байгаа хэдий ч тэдний 33 хувийг л Улсын цэцэрлэгт бүртгэх боломжтой талаар албаны эх сурвалж мэдээллэлээ. Тодруулбал, энэ 2022 онд 2019 онд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгийн бага бүлэгт бүртгэх бөгөөд ингэхдээ санамсаргүй түүврийн аргаар, 8900 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгт бүртгэх юм.

Харин цэцэрлэгийн бага бүлэгт элсч чадаагүй үлдсэн хүүхдүүдийг ирэх намар шууд бүртгэх эсэх талаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Сонгогдоогүй үлдсэн хүүхдүүдийг намрын элсэлтээр шинэ бүлэг үүсгэн, шууд бүртгэнэ гэх ойлголт байхгүй. Харин энэ жил сонгогдсон хэдий ч цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон хүүхдүүдийн сул орон тоон дээр түүврийн аргаар сонгон шалгаруулж, суралцуулна. Үлдсэн хүүхдүүдийг БШУЯ-аас гаргасан журмын дагуу дахин бүртгэж, шалгаруулна. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдээс 33 хувь буюу 10 хүүхдийн гурав нь төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломжтой гэх судалгаа бий” гэж ярилаа.

Тэгэхээр ирэх намрын элсэлтээр 2019 онд төрсөн хүүхдүүдийг хүлээн авах шинэ бүлэг нээхгүй бөгөөд 2020 онд төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэж, санамсаргүй түүврийн аргаар шалгаруулах ажээ.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top