АНУ-ын уурхайнуудын ирэх жил олборлох нүүрс зарагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Байгалийн хийн үнэ өссөнтэй холбоотойгоор дэлхий даяараа  хамгийн бохир чулуужсан түлш болох нүүрсийг өргөнөөр хэрэглэхэд хүрээд байгаа билээ.

АНУ-ын томоохон уурхайнуудын ирэх жил олборлох нүүрс хүртэл хэдийнээ  зарагдсан байна. Америкийн томоохон нүүрс нийлүүлэгч болох “Peabody Energy” ирэх онд “Powder River Basin”-аас   олборлох нүүрснийхээ 90 гаруй хувийг, АНУ-ын  цахилгаан станцууд болон бусад оронд нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа аж.  Мөн  нүүрсний олборлолтоороо АНУ-д хоёрдугаарт ордог “Arch Resources Inc” нь одоо олборлож буй  бүх бүтээгдэхүүнээ одоогийн спот үнээс 20 хувиар өндөр үнээр нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Дэлхийн эдийн засаг цар тахлаас сэргэхээс гадна, өвлийн улирал эхэлж байтгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь байгалийн хий болоод нүүрсний үнэ өсөхөд нөлөөлөөд байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэгчид нүүрс олборлогчидтой урт хугацааны өндөр дүнтэй гэрээ байгуулсаар байна. “Peabody Energy”-гийн гүйцэтгэх захирал Жим Греч  өнгөрсөн пүрэв гарагт "Бидэнд  2023 онд олборлож, борлуулах багахан нүүрс л үлдсэн. Харин  2022 он гартал олборлох эрчим хүчний нүүрс гэрээний дагуу бүгд зарагдсан” хэмээжээ.

“Powder River Basin”-ы бүс нутгаас нүүрс олборлох   дундаж үнэ тонн нь 16 ам.доллар байгаа ажээ. “Alliance Resource Partners LP” компани ирэх онд олборлох нүүрснээсээ 30 сая тонн, 2023 оныхоос  16 сая тонн нүүрсийг худалдах гэрээ байгуулаад байгаа ажээ. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч улс болох Хятад эрчим хүчний хямралыг даван туулахаар тэмцэж байгаа билээ.

Тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 хувийг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг бөгөөд нүүрс хомсдсоны  улмаас энэ улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, улмаар хямралыг зохицуулах үүднээс эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсны дээр цахилгааны үнийг чөлөөлсөн.  Түүнчлэн дараагийн алхам болгож зарим нүүрс олборлогч нутгууд дахь нүүрсний агуулахуудыг "цэвэрлэх, сэргээх" ажил явуулахаар болсны дээр эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр нүүрс хадгалахыг хориглохоор болжээ.

Ингэснээр хэт өссөн нүүрсний үнийг буулгах боломжтой гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа аж.  Энэ нь ч үр дүнгээ өгөж Жэнжоу барааны бирж дээр эрчим хүчний үнэ өнгөрсөн лхагва гарагт 10 хувиар буурсан байна. Ингэснээр нүүрсний хомсдолоос үүдэн өнгөрсөн долоо хоногт эрс өсөж байсан нүүрсний үнэ 40 орчим хувиар буурчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.93.81) 2021 оны 11 сарын 02

Ийм хогийг өмгөөлж ивээлдээ аваад байгаа залуу ёрөнхий сайд ч буруутай, үйлийн үрийг эдлүүлэх байсан юм. Одоо хамтдаа үүрцгээ

0  |  0
Танк (202.21.100.210) 2021 оны 11 сарын 02

2014 онд баригдаж дуусах байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг зогсоож чадсан МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэий зөвлөх Х.Баттулга ерөнхийлөгчид баярлалаа. Тиймээ Монгол ялсан

0  |  0
Top