СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 251 иргэн байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр (2020.11.21) өглөө.

ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ:

-2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар манай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 58 бүртгэгдэж, өмнөх өдрийнхөөс 5 тохиолдол нэмэгдсэнийг та бүхэн сая 11.00 цагийн Улсын онцгой комиссын мэдээгээр сонссон байх.

Иргэдийн маань дунд тохиолдол огцом өсөөд байна, яагаад нэмэгдээд байгаа юм бэ гэдэг бухимдал их гарч байна. Энэ тоонд та бид эмзэглэх учиргүй. Энэ бол өвчин. Өвчин өвчиндөө аюултай вирусийн тахал. Үүссэн нөхцөл байдлын үүднээс энэ тэргүүнд авч хэрэгжүүлж байгаа бидний ажил бол хүн амынхаа дунд оношлогоо илрүүлгийн ажлыг эрчимтэй хийх юм.

Тэр ч үүднээс Сүхбаатар, Алтанбулаг сумдын бүх иргэдийг шинжилж оношлох ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай эмнэлгийн баг 15450 хүнийг эрт илрүүлгийн оношлогоонд хамрууллаа.

Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш ес хоногийн хугацаанд 1239 иргэнээс PCR-ийн шинжилгээ авснаас 58 иргэний шинжилгээний хариу эерэг гарч, ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах 13 байранд 251 иргэн байна.

Дээрх сумдын бүх хүн амын хэдэн хувь нь эрүүл байна, хэдэн хувьд нь тархалт байна гэдгийг тогтоох нь манай аймгийн Онцгой комиссын нэн тэргүүнд хийж байгаа ажил.

Хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй Мандал суманд энэхүү аюулт өвчины тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын зүгээс хүн хүчээ хуваарилж, тус суманд Мэргэжлийн зөвлөгөө өг, сумын онцгой комисстой хамтран чиглүүлж ажиллах багийг улс, аймгаас томилгоожуулан ажиллуулж байна.

Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах, тархалтыг цааш алдалгүй яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг цаг алдалгүй авч байна. Тиймээс Мандалчууд маань аймаг, сумынхаа онцгой комиссын зөвлөгөө, үүрэг чиглэлийг биелүүлж, хүн бүр сонор сэрэмжээ дээшлүүлж, ариутгал эрүүл ахуйн дэглэмээ чандлан сахихыг онцгойлон анхааруулж байна.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хяналтын цэгүүдэд, Сүхбаатар, Мандал сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих бүх цэгт хяналт, шалгалтын албан хаагчид үүргээ гүйцэтгэж байна.

Манай аймагт нөхцөл байдал хүнд байгаа ч бидний Монгол түмнээ, улсаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах экспортын бараа бүтээгдэхүүнийг "Сүхбаатар" боомтоороо авах ажил үргэлжилж байна. Авто замын "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаа бүрэн зогссон.

Аймгийн хэмжээнд 318 худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Аймгийн Улаан загалмайн Хороо, Онцгой байдлын газар хамтран Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 100 өрхөд хүнс олгох ажлыг зохион байгууллаа.

Зарим сумдаас хүнсний нөөц багасч байна, Улаанбаатар, Дархан-Уул аймгаас хүнсний хангамжийн татан авалт хийх хүсэлт их ирүүлж байна. Бид холбогдох газруудтай хамтраад аль болох нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

Сүхбаатар сумын 90 байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн орон сууцны 119,9 мянган мкв талбайг ариутган халдваргүйжүүлээ. Одоо ч энэ ажил Сүхбаатар болон Мандал суманд үргэлжлэн хийгдэж байна.

Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилаанд ОХУ-аас төмөр замаар орж ирсэн орон нутгийн 129 вагон, транзит 69 вагон, Cүхбаатар өртөөний дамжуулах конторийн 14, жижүүрийн 5 өрөөний ариутгалыг хийж гүйцэтгэлээ.

Бусад сумдын Онцгой комиссын бие бүрэлдэхүүн нэг минут ч тайвширч болохгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүхий л боломжоо ашиглан ажиллахыг энд дахин сануулж, үүрэг болгож байна.

Нийт ард иргэд та бүхэн гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, ариутгалыг байгаа орчиндоо хийж гүйцэтгээрэй.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top