СЭЛЭНГЭ | Голомтод нийт халдвар авсан хүний тоо 58 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Халдвар голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт халдварын тохиолдлын тоо таваар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 58 болсон байна. /2020.11.21/ 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэхдээ “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, иргэд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна. Олон ажилтан албан хаагчидтай, ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Гааль, Цэргийн ангиуд, Төмөр зам, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ болон арын албанд ажиллаж байгаа нийт   албан хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд тогтмол хамруулж байна. Иргэдэд эрүүл мэндийн заавар зөвлөмж өгөх тусгай дугаарын утсуудыг 24 цагаар ажиллуулж байна. Сүхбаатар суманд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн 2 эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилж байгаа. Аймгийнхаа 17 сум, 6 тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх, аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум сумандаа хэрхэн зохион байгуулах, сумдад тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олох үүднээс 17 сумын Онцгой комисстой цахимаар холбогдож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө” гэсэн мэдээллийг өгч байна.  

 

2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо

 

  • Улаанбаатарт - 38 (6-аар нэмэгдсэн)
  • Сэлэнгэ аймагт  - 58 (5-аар нэмэгдсэн)
  • Дорноговь аймагт - 12 (6-гаар нэмэгдсэн)
  • Орхон аймагт - 16 (4-өөр нэмэгдсэн)
  • Дархан-Уул аймагт  - 16
  • Говьсүмбэр аймагт - 1
Top