Дундад зууны үеийн археологийн олдворуудаас дэлгэлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид одоогоос 600-800 жилийн өмнө хэрэглэж байсан мөнгөн бөгж, мөнгөн аяга, хүрэл ээмэг , модон сам зэрэг археологийн чухал олдворуудыг өнөөдөр /2020.09.09/ УДЭТ-ийн гадна талбайд танилцууллаа.

Хагас зуун жилийн өмнө хэрэглэж байсан эд хогшлуудыг иргэдэд таниулах зорилгоор хэсэгхэн хугацаанд дэлгэн тавьсан учир энд хөл гишгэх зайгүй их хүн цуглажээ.

Шилэн хоргон дотор сам, ээмэг бөгж зэрэг эмэгтэйчүүдийн эдлэл, хэрэглэлээс гадна төмөр илд, амгай болоод монгол жижүүн чимэглэлтэй төмөр дөрөө зэргийг гарган тавьсан байлаа.

Мөн энэ үйл ажиллагаанд Чингис хааны өв соёлын хүрээлэн хамтран оролцсон ба Чингис хааны музейн барилгын бүтээн байгуулалтын үйл явц, интерьер дизайн болоод төлөвлөлтийн талаар нийтэд танилцуулсан юм. Тус музейн барилга хуучнаар Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж байгаа ба есөн давхар барилгын найм дахь давхрын угсралтын үйл ажиллагаа явагдаж байгаа аж.

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Саруул:

-Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн хувьд Чингис хаан музейн ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Музейн хувьд нийтдээ 20500 метр квадрат талбайтай. Бид өнөөдрийн арга хэмжээнд давхар бүрийн дотоод технологийн байгуулалтын зураг, зарим нэг үзмэрийн дээжсийн танилцуулга зэргийг дэлгэн харуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа ард иргэд, хүүхэд залуусын танин  мэдэхүйн мэдлэгт хувь нэмэр оруулахаас гадна түүх соёлоо мэдэх, судлах их үйлст уриална гэдэгт итгэлтэй байна.

Соёлын дэд сайд М.Батбаяр: 

-Соёлын яам байгуулагдсанаас хойших хугацаандаа “Соёлын цаг” хөтөлбөрийг эхлүүлээд явж байгаа. Өнөөдрийн энэ цаг хугацаанд бүх хүмүүс соёлын талаар ярилцаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлж байгаад баяртай байна. Үүнээс гадна соёлын яам байгуулагдсанаасаа хойш Covid-19 цар тахлын нөхцөл байдалд соёл урлагийн байгууллагууд хэрхэн ажиллах тал дээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд музей үнэгүй үзүүлэхээр болсон. Мөн соёлын олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал Чингис хаан музейн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 70 хувьтай явж байна. Бид ирэх оны долдугаар сард үүд хаалгаа нээхээр төлөвлөж, ажиллаж байна.

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.242) 2025 оны 03 сарын 13

арай л биш

1  |  0
Top