Тээвэрчдэд үйлчлэх “Тайван зогсоол” цогцолборыг энэ онд барьж гүйцээнэ

2020 оны 09 сарын 09

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны есдүгээр сараас "Тайван зогсоол" цогцолборыг барьж эхэлсэн билээ.

Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2500 тээврийн хэрэгсэл (60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй)  байрлах авто зогсоолтой болно.

Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top