Хүнсний ногоо өмнөх жилийнхээс 26.5 хувиар ахиу тариалжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалагдаад байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас олон улс орон хилийн хорио тогтоож, улмаар дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед хаврын тариалалтын бэлтгэлийг  хангах,  тариалалтыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээндээ хүргэж үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ХХААХҮЯ, холбогдох газрууд олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн тариалалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан  хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 375.1  мянган га-д, үүнээс улаанбуудай  358.3  мянган га-д, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8  мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д  тус тус тариалснаар улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус  давж биелсэн бөгөөд цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож байна.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 84 сумын 1158 аж ахуйн нэгж, иргэдийн 358.3 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 73.6 % буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.   

Энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдсэн мэдээтэй байна.    

Энэ оны зургаадугаар сарын 19-ний байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн  гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top