КОВИД-19 I Францад амны хаалтыг эмчийн жороор олгоно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт тохиолдол 95036-д хүрснээс эх газрын Хятадад 80409 болжээ. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд халдварын улмаас 3283 хүн нас барснаас Хятадад 3012 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн, нийт 52898 өвчтөн эдгэрчээ. Одоогоор Хятад улсад 25352 өвчтөн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаагаас 5592 өвчтөний биеийн байдал хүнд байна. Сүүлийн нэг хоногт тус улсад 143 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2189 өвчтөн эмнэлгээс гарч, 31 хүн нас баржээ. Өдгөө 522 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 32800 хүн эмнэлгийн хяналтад байна.


  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн нэг хоногт Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна шинэ төрлийн коронавирусний халдварын 2103 шинэ тохиолдол дэлхийн 76 оронд бүртгэгджээ. Нийт 214 хүн нас барснаас сүүлийн нэг хоногт 48 тохиолдол бүртгэгджээ.
     
  • БНХАУ-д КОВИД-19 вирустэй хийж буй дайны хоёрдугаар фронтыг нээжээ. Дотоодод гарсан халдвартай тэмцэхээс гадна Хятадын эмч нар хилийн чанадаас ирж буй хүмүүсийг хянах ажилд анхаарлаа хандуулж байна. Сүүлийн үед коронавирус импортлогдох тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 75 ийм тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 4-ний байдлаар, гаалийн албаны ажилтнууд Хятад улсын хилээр нэвтэрсэн 6728 хүнээс коронавирусний халдварын шинж тэмдэг илрүүлснээс 75-ынх нь шинжилгээний хариу эерэг гарч, 779 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
     
  • АНУ-ын Калифорни муж коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан онц байдал зарлажээ. Тус мужид халдварын 53 тохиолдол илэрснээс нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.
  • Парис хотын Луврын музей лхагва гарагт үүдээ дахин нээжээ.
     
  • Вьетнамын эрүүл мэндийн яам Виньфуз мужийн Сон Лой тосгонд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тэнд коронавирусийн халдварын 11 тохиолдол бүртгэгдэж байв. Хорин хоногийн турш бүрэн тусгаарлагдсан 10 мянган хүн амтай тус тосгонд халдвараар өвчилсөн бүх өвчтөнүүд эдгэрсэн аж. Вьетнамд нийт 16 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс бүх өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
     
  • Франц улсад амны хаалтыг зөвхөн эмнэлгийн ажилтнууд болон эмчийн жорын дагуу олгохоор болжээ. Түүнчлэн, тус улс халдваргүйжүүлэх бодисын үнийг зохицуулахаар болсон байна.
     
  • Таиландын эрүүл мэндийн яам иргэддээ хандан самбай болон бусад материалаар 200 сая гаруй амны хаалт бие даан үйлдвэрлэх хүсэлт тавьжээ. Үйлдвэрийн аргаар үйлдвэрлэсэн амны хаалт хүрэлцэхгүй байгаа тул эмнэлгийн болон мэс заслын амны хаалтыг зөвхөн эмнэлгийн ажилтнуудад түгээхээр болсон байна.
     
  • Итали улсад нэг хоногийн дотор коронавирусийн халдварын улмаас нас барсан өвчтөний тоо 79-өөс 107 болж өсжээ. Тус улсад нийт 3089 хүн халдвар авад байна. Нэг хоногийн дотор 116 өвчтөн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 276 болж өсжээ. Тус улс бүс сургуулийг арван хоногийн турш хаах шийдвэр гаргаад байна.
     
  • Иран улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 2922 болж, 92 хүн нас барж, 552 өвчтөн эдгэрээд байна. Нэг хоногийн дотор халдварын 586 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
     
  • Тус улс ОХУ-д хандан коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэхэд нь тусламж үзүүлэхийг хүссэн бөгөөд Оросын талд тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-ын тусламж үзүүлэх тухай саналыг хүлээн аваагүй байна. Хэрэв туслахыг хүсэж байгаа бол эхлээд хориг арга хэмжээг цуцлах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.
     
  • БНСУ-д нийт 5766 хүн коронавирусийн халдвар авснаас 35 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top