Оюутолгойгоос урьдчилгаа төлбөрөө авч дууслаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Сангийн сайд С.Баярцогт, "Оюу толгой" ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон Мак Рэй нар өчигдөр "Урьдчилгаа төлбөрийн гэрээ"-г эцэслэн байгуулж гарын үсэг зурлаа. Гэрээ ийнхүү эцэслэн байгуулагдсанаар "Оюу толгой" ХХК-аас 100 сая доллар Монголын талд шилжиж байгаа юм. Оюу толгойн зэс алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсан УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу МонголУлсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдингс Л имитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж, хөрөнгө оруулагчаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар тохиролцсон юм. Урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар заасны дагуу 2009 оны 10 дугаар сард эхний 100.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчаас хүлээн авсан бол 2 дахь урьдчилгаа төлбөр 50.0 сая ам.долларыг нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан юм. Ингэхдээ эхний урьдчилгаа төлбөрийг бондын гэрээгээр зохицуулж, 3 хувийн хүүтэй байхаар тохирсон. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажаагүй байсантай холбоотой аж. Харин одоо Хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажсан учир сүүлийн хоёр нь буюу нийт 150 сая ам.долларыг “Урьдчилгаа төлбөрийн гэрээ” -гээр зохицуулж байгаа юм. Энэ 150 сая ам.доллар нь 1.59 хувийн хүүтэй байх бөгөөд урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамтаар хөрөнгө оруулагчийн татвараас 5 жилийн дотор суутгах замаар барагдуулах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top