Д.Тогтохсүрэн: Санал асуулгыг сонгуультай хамт явуулахаас өөр сонголт байхгүй   

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.


-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Яг ямар хоёр асуудлыг хэлэлцсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг парламент хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэх вэ гэдгийг хэлэлцсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт шахмал түлшний угаарт хордож, хүний амь нас эрсдэлээ. Энэ хоёр асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. 

-Бүлгийн гишүүд ямар шийдэлд хүрэв?

Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсныг УИХ өнгөрсөн баасан гарагт хүлээж авч шийдвэрлэсэн. Цаашид яах вэ гэдэг дээр хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо өөрчилж засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх Ажлын хэсгийг байгууллаа. Өөрөөр хэлбэл, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх шийдвэрийг гаргасан.

Харин бүлгийн хуралдаанаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, нас барсан. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын мэдээллийг сонслоо. Бүлгийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өглөө.

-Засгийн газарт ямар нэгэн хариуцлага тооцох уу. Шахмал түлшнээс болж дөрвөн хүн амиа алдлаа шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар нэгдсэн дүгнэлт гараагүй байна. Бүлгийн хуралдаанаар ярилцсан. Шинжилгээний дүгнэлт эерэг гарсан. Тиймээс энэ асуудлыг олон улсын шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Хариуцлага алдсан нөхдөд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, дүгнэлт гарсны дараа буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина. Дүгнэлт гараагүй байхад шууд Засгийн газарт хариуцлага тооцох боломжгүй. 

-Танай намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд Ард нийтийн санал асуулга явуулах байр суурь хэвээр байгаа гэж ойлгох уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийх гэсэн аль нэгийг нь сонгоно. Олонхын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан.

-Ажлын хэсгийн ахлагчаар таныг томилсон байх аа?

-Тийм ээ, би ахалж байна. УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон.  

-Ард нийтийн санал асуулгыг явуулсан тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах уу?

-Хэрвээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс шинэ санал оруулж ирвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. Энэ асуудлыг зөвшилцлийн хүрээнд тодорхой болох байх. Харин Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатгаж явуулахаас өөр сонголт байхгүй гэж бодож байна. Харин өнөөдрөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламент тасралтгүй хэлэлцэх улс төрийн нөхцөл байдал бий болсон. 

-Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэн, батлах хуулийн хугацаатай. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тасралтгүй хэлэлцэх улс төрийн нөхцөл байдал үүссэн талаар сая хэллээ. Энэ тохиолдолд төсвийн төслийг хугацаандаа баталж амжих уу?

-Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах хуультай, хугацаатай. Ирэх сарын 15 гэхэд төсөв хэлэлцэх ёстой. Гуравдугаар хэлэлцүүлгийн дундуур төсөв хэлэлцэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top