Сүрьеэгийн халдвар авсан 529 хүүхдэд “Изониазид” эмийг өгч эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Нэг сургуулийн гуравны нэг хэсэг нь буюу 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай болох нь тогтоогдсон тухай мэдээлэл өчигдөр олны анхаарлыг татсан гол сэдвийн нэг байлаа. Болсон явдлын талаарх бодит мэдээллийг багцлан хүргэж байна.

Сүүлийн үед сүрьеэгийн халдвар, өвчлөл хүүхдүүдийн дунд нэмэгдэх болсон тул Ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлжээ. Энэ хүрээнд зөөврийн оношлуураар үзлэгт хамруулах явцад нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 1710 хүүхдийн 529-д нь сүрьеэгийн халдварын шинж тэмдэг илэрчээ. Тэр тусмаа эдгээр 529 хүүхдийн 38 нь болон нэг багш сүрьеэгээр өвчилсөн  нь тогтоогдож, 500 гаруй хүүхдийн онош булчирхайн өөрчлөлттэй гэж гарсан байна. Энэ бол сонсоход эмзэглэж цочирдом, түгшмээр үзүүлэлт.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 15-р сургуулийн удирдлага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд, сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулсан нэгдсэн хурал болж, энэ үеэр 15-р дунд сургуульд хөл хорио тогтоохыг эцэг, эхчүүдийн зүгээс шаардав. Мэргэжилтнүүд зүгээс үүнд “Хөл хорио тогтоох шаардлагагүй” гэсэн байр суурь илэрхийлээд байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар тайлбар хийхдээ “Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай байна. Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуудлыг ХӨСҮТ-д тавиад байгаа. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвартай гэх онош тавьсан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эмчилгээний талаар эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль дээр ХӨСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнууд ажиллаж байна" гэж ярьсан.

Эцэг, эхчүүд 15-р сургуульд хөл хорио тогтоох хүсэлт гаргасан ч мэргэжлийн байгууллагууд өөр байр суурьтай байна

Харин 15-р дунд сургуульд хөл хорио тогтоох нь зөв үү, буруу юу гэдэг тухайд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Мэргэжлийн эрүүл мэндийн байгуул­лагынхнаас нарийв­чилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлт авч байж мэдээлэл өгнө. 15-р сургуульд хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэж шийднэ. ХӨСҮТ-ийн даргаас өчигдөр авсан мэдээллээр бол тус сургуулийн бүх хүүхдүүдэд шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Асуудал тодорхой болсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй" гэлээ. Нийслэлийн 15-р сургуульд одоогийн байдлаар ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газрын хамтарсан баг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалд хамгийн бодит мэдээлэл өгөх хүмүүс бол мэргэжлийн байгууллага буюу Халд­варт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/. Тиймээс Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор Д.Наранзулаас хүүхдүүдийн биеийн байдал, халдварын талаар тодрууллаа.

-Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуульд 529 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл эцэг, эхчүүдийг эмзэглүүллээ. Гэхдээ өвчилсөн, халдварын шинж илэрсэн гэдэг хоёр өөр ойлголтыг иргэд буруу ойлгож магадгүй. Үүнд та тайлбар, мэдээлэл өгнө үү?

-Сүрьеэгийн хувьд бусад халдварт өвчнөөс нэг гол ялгаатай байдаг. Тодруулбал, сүрьеэгийн халдвар гэдэг нь тухайн хүн халдвар авсан ч өвчлөөгүй байгаа нөхцөл байдлыг хэлдэг. 15-р дунд сургуульд үүссэн нөхцөл байдлын тухайд 529 хүүхдийн 38 нь сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон. Бусад хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан буюу өвчлөөгүй гэсэн үг. Сүрьеэгээр өвчилсөн 38 хүүхдийг цаашид хэрхэн эмчлэх эмчилгээний асуудлыг ярилцаж байгаа.

-Энэ сургуульд сүрьеэгийн дэгдэлт яагаад ийм хурдацтайгаар тархсан юм бэ. Учир шалтгаан нь юу байв?

-Ямар нэгэн халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын халдварт өвчин тархах тодорхой хэдэн хүчин зүйлүүд байдаг. 15-р дунд сургуулийн хувьд 2013 оноос тухайн дүүрэгт харьяалагддаг 32-р сургуультай нэгдсэн юм билээ. Нэг сургуулийн хүчин чадалтай сургуульд дахин нэг сургуулийн хүүхэд, багш, ажилчид нэмэгдсэнээр нягтаршил эрс нэмэгдсэн гэсэн үг. Нэг ангид 3-4 ээлжээр хичээллэж, тухайн ангид суух хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Хүн амын нягтаршил ихтэй газар халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг гэж хэлж болно. 15-р дунд сургуулийн хувьд 1974 онд баригдсан хуучны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна агааржуулалтын систем шийдэгдээгүй гэх мэт асуудалтай байсан. Иймд халдвар маш хурдацтайгаар тархсан байх боломжтой. Сүрьеэ өвчин ярих, дуулах, ханиалгах, найтаах тохиолдлуудад маш хурдан тархдаг.

-Сүрьеэгийн халдвар авсан хүүх­дүүдэд одоо ямар эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлж байна вэ?

-Халдвар авсан 500 гаруй хүүхдэд “Изониазид” гэх сүрьеэний эсрэг урьдчилан сэргийлэх эмийг өгч эхэлж байгаа. Дахин хэлэхэд, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш. Сүрьеэгийн халдвар нь тодорхой хүндэрсэн нөхцөл бүрдэхэд өвчин болж хувирдаг. Хүүхдийн дархлааны систем сулрах, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх, хоол тэжээлийн хомсдолд орох, хүнд хэлбэрийн мэс засалд орох гэх мэт нөхцөл байдал үүссэнээр сүрьеэ өвчин болох эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө манай хувьд сургуулийн насны хүүхдүүдийн дархлааны систем сул байна.

-“Изониазид” нь бага насны хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү. Энэ эм халдвар авсан хүүхдүүдийг бүрэн эдгээх үү?

-Эмийн хувьд 0-5 настай хүүхдэд зориулж хэрэглэдэг байсан бол 2018 оноос 0-5 насны хүүхдээс гадна насыг нь ахиулж уулгадаг болсон. Ийм шийдвэр гарсан. Тиймээс халдвар авсан сурагчдад уулгахад сөрөг нөлөөгүй. “Изониазид”-ыг ууснаар сүрьеэгээр өвчлөх магадлал үгүй болж, хүүхэд эрүүл болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.59) 2019 оны 05 сарын 15

Odoo 32r surguuliin xuuxduudiig ch uridchilan sergiilex uzlegt xamruulax xeregtei. 2017 ond shine surguulitai boloxoos umnu 15 deer xicheellej bsan.

0  |  0
Хэнчбиш(203.91.115.53) 2019 оны 05 сарын 15

Ламбаа сайд Сараа сайд хоёр л өвчлөл ярихдаа мишээл тодруулах юм Сүүлийн үед элэг вирус гэхнь ихдээд уушигтай гэдгээ мартах шахжээ Ганцхан багш халдвар түгээгч үү Голомттоой гэр бүл байна уу гэдгийг тогтооход илүүдэхгүй байх шүү

0  |  0
Хэнчбиш(203.91.115.53) 2019 оны 05 сарын 15

Ламбаа сайд Сараа сайд хоёр л өвчлөл ярихдаа мишээл тодруулах юм Сүүлийн үед элэг вирус гэхнь ихдээд уушигтай гэдгээ мартах шахжээ Ганцхан багш халдвар түгээгч үү Голомттоой гэр бүл байна уу гэдгийг тогтооход илүүдэхгүй байх шүү

0  |  0
Zochin (103.229.120.46) 2019 оны 05 сарын 15

haldvar sudlaliin emneleg emch nar irgediinkhee telee ajillaach, suryegiin em bol hortoi, unen zeveer ny tailbarlaj helj egeech, gelelzeed dulgenechih yumaa

0  |  0
Top