Хар хайрцагны бичлэг Боинг 737 МАХ онгоцны ослууд төстэй байсныг нотолжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Этиопт осолдсон Ethiopian Airlines компанийн Боинг 737 МАХ онгоцны хар хайрцагны бичлэг Индонезийн Lion Air компанийн Боинг 737 МАХ онгоцны осолтой төстэй байсныг гэрчилж байна гэж Этиопын тээврийн яам мэдээлжээ.

 

Францын Иргэний агаарын тээврийн осол судлах товчоо Этиопт сүйрсэн онгоцны хар хайрцагнуудыг бичлэгийг уншиж, тус улсын эрх баригчдад ирүүлсний дараа Этиопын тээврийн сайд Дагмавит Могес ийн мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ мэдээлэл дээрх хоёр осол төстэй болохыг тодорхой нотолжээ. Эдгээр тохиолдлуудад онгоцнууд өндөр авахад хүчтэй дайвалзаж байжээ. Этиопд осолдсон Боингийн шинэ програм хангамжийг ажиллуулсан эсэхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс тэрбээр татгалзсан байна.

 

Шинэ мэдээллийг цаашид шалгах гэнэ. Урьдчилсан тайланг ойрын 30 хоногийн дотор олон нийтэд ил болгох гэнэ.

 

Өчигдөр /2019.03.18/ Кени болон Этиопт амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болов. Аддис Абеба хотын Ариун Сүнсний цогчин дуганы өмнө олон мянган хүн цугласан байжээ. Одоогоор нэг ч цогцсыг таниагүй байгаа тул тус улсын тугаар ороож, амь үрэгдэгсдийн гэрэл зураг байрлуулсан хоосон авснуудыг цогчин дуганы газар доорх бунханд байрлуулжээ. Цогцсуудыг танихад зургаан сар шаардагдах аж.

 

302 нислэгийн нисэх багийн амь үрэгдсэн найман гишүүний дурсгалыг хүндэтгэх ёслол мөн Аддис Абеба хотын олон улсын нисэх онгоцны буудалд болсон бол Кенийн нийслэл Найроби хотод Этиопын осолд амь үрэгдсэн Кенийн 36 иргэний төрөл төрөгсөд болон 30 гаруй улс орны дипломат ажилтнууд Этиопын үнэн алдартны сүмийн өмнө цугларан, хүндэтгэл үзүүлжээ.

 

Кенийн тээврийн сайд Жеймс Мачариагийн хэлснээр, Этиопын засгийн газар амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд хайртай хүмүүсийнхээ дурсгалд зориулан осол болсон газрын шорооноос авч явах зөвшөөрөл олгосон байна. Мөн амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийг Ethiopian Airlines компанийн аль ч салбарт хандан, ДНК-ийн сорьц өгөхийг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top