"Энержи Ресурс" компанийн нүүрсийг тээвэрлэж явсан хүнд даацын машин осолдож, хоёр хүний алтан амь эрсэдсэн хэрэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гарчээ. Хэрэг явдал Монгол, Хятадын хилээс нааш 60 орчим километрын зайд болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МСS группын харьяа "Энержи Ресурс" ХХК-ийн нүүрсийг ачсан Хятадын “Шинхуа” группын жолооч, УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэнгийн "Хурд" компанийн машинтай мөргөлдсөн байна. Энэ үеэр осол гаргасан хятад жолооч машинтайгаа шатаж амиа алдсан бөгөөд "Хурд" компанийн нэг жолооч нас барж, нөгөө нь хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдэж иржээ.
Нас барсан жолоочийг "Оюутолгой", "Хурд", "Энержи Ресурс" компанийн ажилчид машины бүхээгнээс гаргах гэж 12 цагийн турш ажилласан бөгөөд жолоочийг гаргаж чадсан ч эмнэлэгт хүргэж хараахан амжилгүй өөд болжээ.
Уг нь Х.Баттулга сайдын шийдвэрээр Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэх замыг Авто тээврийн болон Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран дөрөвдүгээр сарын 21-нээс хааж, тээврийн компаниудын үйл ажиллагааг зогсоогоод байсан. Гэтэл нүүрс олборлогч бөгөөд тээвэрлэгч “Энержи Ресурс” ХХК хүсэлт гаргасны дагуу БОАЖЯ, ЭБЭХЯ, МХЕГ, АТГ, ЗЦГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнууд хамтарсан шалгалтыг дахин газар дээр нь явуулсан.
“Энержи Ресурс” компанийн удирдлагууд зам засч дууссан учраас тээврийн эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасан ч ажлын хэсгийнхэн нэмэлт даалгавар өгсөн. Үүнд, уг замыг хоёр газарт нэлээд нарийхан тавьсан байсан тул ачааны том машин зөрөх аргагүй гэж үзээд өргөсгөх. Хоёрт, гурван газрын огцом эргэлт дээр 20-иод метр урт машин багтаж эргэхэд хэцүү, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өөдөөс ирсэн машинтай мөргөлдөх эрсдэлтэй тул огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөх. Гуравт, зам дагуу тэмдэг байрлуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ шаардлагыг биелүүлмэгц замыг нээнэ гэдгээ албаны хүмүүс мэдэгдээд байсан. Гэвч албаны хүмүүс замыг нээхээс өмнө “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэж явсан машин осол гаргалаа гэж эх сурвалж өгүүлж байна. Асуудлын гол нь нүүрсний зам хаах шийдвэр цуцлагдаагүй байхад “Энержи Ресурс” компанийн нүүрсийг Хятадын компани тээвэрлэж байсанд оршино.
“Энержи Ресурс” ХХК нүүрсний замыг зассан гэж мэдээлж байгаа ч үнэн хэрэгтээ 30-40 см гүн ховилоо л хайргаар дүүргэснээс биш тоос шороо босдог, үзэгдэх орчин хязгаарлагддаг дутагдал хэвээр байсаар байгаа ажээ. Тус компани Ухаа худагаас Гашуун сухайт хүртэл 245 километр хар зам тавьж байгаа. Энэхүү зам нь 8-р сард ашиглалтанд орно гэж тэд өөрсдөө мэдээлсэн. Гэтэл хар зам нь баригдаж дуусахад хоёрхон сар үлдчихээд байхад эрсдэл ихтэй шороон замаараа тээвэр хийх гэж зүтгээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ байдлаас болж дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Бид энэ талаарх шуурхай мэдээллийг удахгүй хүргэх болно.
Г.Оюун. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )