Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдаар Шинжлэх ухааны академийн дэд захирал, академич Г.Чулуунбаатарыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 94 хувийн саналаар дэмжлээ. Хариуцлага алдсан гэж буруутгагдсан Ж.Батсуурийн оронд ийнхүү Шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан, эрдмийн мөр хөөсөн нэгнийг томилов. Тэрбээр 1981-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1994 онд “Прогноз” төвийн эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн юм.
Түүнээс хойш Г.Чулуунбаатар нь 1994-1996 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996 оноос ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан захирлаар ажилласан байна. Мөн 2001 оноос УИХ-ын даргын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Гэхдээ тэрбээр Шинжлэх ухааны салбараас ажлын гараагаа эхэлснээс хойш энэ салбараас холдоогүй нэгэн гэнэ. 2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал, 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал, 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж иржээ. Шинжлэх ухааны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмийг БСШУС-ын сайдаар томилсон нь “нүдээ олсон” томилгоо гэх нэгэн байна. Тэрбээр ШУ-ны салбартаа дур сонирхолтой, төлөв даруу, амбиц багатай нэгэн аж.
Г.Чулуунбаатар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. “Давхар дээл”-гүй, мэргэжлийн хүн гэдгээр нь БСШУС-аар томилоход гол нөлөө үзүүлсэн бололтой. Г.Чулуунбаатарын өмнө салбар яамных нь олон ажил хүлээж байна. Тусгай дунд сургуулийн сурагчдын эрхийг хангаж ажиллах, ЭЕШ-ыг хэл амгүй зохион байгуулах гэх зэргээр түүнийг хүлээж буй ажил олон байна.
Н.Амараа
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
шинэ сайдад амжилт хүсье. ноён нуруутай дотоод хүн байж, орчин үеийн дэвшилтэт үзэл, онолыг дэмжиж ажиллахыг цаг үе хүлээж буйг мэдрэх, бас мэдэх, боловсрох хтэй байх дөө
Маш зөв шийдвэр гаргажээУлам их амжилт хүсий