Шавхагдаж дуусдаггүй байгалийн баялаг гэж үгүй. Үүний нэг нь цэнхэр алт буюу ус. Цэвэр усны нөөц багатай 20 орчим орны нэг нь Монгол. Бид усыг уухаас эхлээд бүх төрлийн угаалга, зам талбай, газар тариалангийн усалгаа, ахуйн арчилгаа, үйлдвэрлэлдээ хайр гамгүй ашигладаг. Энд дурдсан хэрэгцээнийхээ бараг 95 хувийг гүний усаар хангаж байгаа билээ. Энэ хэвээрээ цэвэр усаар бүгдийг булхсаар байвал Монгол Улс ундны усны хомсдолд хэдхэн жилийн дараа орно хэмээн салбарын эрдэмтэн, судлаачид сануулах болсон. Тэгвэл байгаагаа хэрхэн зөв зохистой ашиглаж, хайрлаж, гамнах вэ. Ирээдүй, хойч үеэ цэвэр усны хомсдол, цаашлаад гачигдалд оруулахгүйн тулд бид одооноос юу хийх ёстой вэ. Үүний хариултыг олох эрэлд гарлаа.
Бидний очсон эхний газар бол БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар байлаа. Тус газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган “Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилийн судалгаанаас үзвэл жил тутам дунджаар 564.8 шоо км байдаг ба үүний 82.5 хувь буюу 500 шоо км нь нуурын, 6.1 хувь буюу 34.6 шоо км нь гол мөрний, 3.4 хувь буюу 19.4 шоо км нь мөнх цас, мөсөн голын, 1.9 хувь буюу 10.8 шоо километрийг газрын доорх ус эзэлж байна. Гэвч монголчууд хэрэглээний усныхаа 90 гаруй хувийг газрын гүний усаар хангаж байна. Энэ нь нийт усны 1.9-хөн хувийг эзэлдэг гүний усаа бид хайр найргүй хэрэглэж байгааг илтгэж байгаа юм.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөц ихээхэн буурч байна. Хотжилт, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас Улаанбаатар болон говийн бүсийн томоохон ордуудад усны нөөц дутагдах хандлагатай боллоо. Иймээс бид үерийн усаа хуримтлуулан, усны нөөцөө нэмж ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлагатай. Дэлхий дээр жилд 5.5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс 500 сая орчим шоо метр цэвэр ус ашиглаж, 470-аад сая шоометр бохир ус гаргаж байна. Усны хомсдолд орохгүй, зүй зохистой ашиглах зохистой аргын нэг бол хаягдал усыг цэвэршүүлж, шаардлагатай хэрэгцээнд дахин ашиглах. Манайд үүнийг цэвэрлэсэн бохир ус гэж нэрлэж байгаа. Гэхдээ манай улсын хаягдал ус дахин ашиглаж байгаа байдлыг гарч байгаа хаягдал устайгаа харьцуулбал маш бага тоо гарна. Хэрвээ бид хаягдал усаа цэвэршүүлж, стандарт хангасан саарал усыг түгээмэл ашиглаж чадвал жил ирэх тусам хумигдаж буй цэвэр усны нөөцөө тодорхой хэмжээгээр хамгаалах юм” гэсэн юм. Гэхдээ одоогоор монголчуудад аж ахуйн нэгжүүдийн хаягдал ус битгий хэл аяга таваг, хувцас, шалаа угаасан, усанд орсон бохир усаа цэвэршүүлээд эргээд ямар нэгэн байдлаар хэрэглэх тухай ойлголт бараг буухгүй байгаа биз ээ.
Эндээс Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Д.Басандоржийг зорьсон юм. Тэрбээр бохир усыг механик биологийн, биотехнологийн, нанотехнологийн, мембран технологийн аргаар бохирдлоос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг Монголын нөхцөлд туршин нэвтрүүлж, нутагшуулах ажлыг 2012 оноос эхлэн тасралтгүй хийж байгаа доктор, профессор билээ. Тэрбээр “Манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдол шиг өндөр байгаа. Бид усны багахан нөөцтэй. 2020 онд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ. Тухайн үед дэлхийн цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтэн, судлаачдын гаргасан тооцоо, судалгаа байдаг. Монгол Улсад стратегийн 16 орд бий. Үүнд усны орд байхгүй. Газар дор харин усны ордууд бий. Ер нь бохир усаа усны нөөц гэж харах хэрэгтэй. Уудаг усаараа 00 усаа татаад, машинаа угаагаад яваад байх нь ирээдүйд усны нөөцгүй болох аюул байгаа учраас хаяж буй бохир усаа эргүүлж ашиглахад төрийн бодлого чиглэх нь зүйтэй юм. Ямар ч бохирдолтой усыг бид ундны ус болгоод цэвэрлээд уух боломж бүрдсэн. Улаанбаатараас өдөрт 150-180 мянган метр куб бохир ус гардаг судалгаа бий. Усны нөөцийг бүрдүүлж буй нэг гол хүчин зүйл нь бохир ус гэж үздэг. Гэтэл манайд бохир усаа буцаан ашиглахгүй байгаа нь буруу. Усыг бохирдуулж байгаа элементүүдийг нь ялгаад авчихвал цэвэр ус болно. Өнөөдөр дэлхий дээр бохир ус цэвэрлэгээний техник, технологи маш өндөр хөгжсөн. Унданд хэрэглэхгүй юм гэхэд зүлэг ногоо услах, машин угаалга, халаалтын систем зэрэгт ашиглавал өдөрт дэмий асгаж байгаа 180 мянган метр куб усныхаа 60 гаруй хувийг буцаан ашиглах бололцоотой. Ингэснээр Монгол улс, Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Усны үнэ цэнийг иргэдэд ойлгуулахад төрийн бодлого хэрэгтэй. Тухайлбал, аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бохир усаа цэвэрлээд буцаан ашигладаг бол татвараас чөлөөлдөг байвал зөв. Мөн гаднын орноос бохир ус цэвэрлэх технологи оруулж ирвэл гаалийн татварыг нь хөнгөлдөг бодлого баримталбал зүйтэй. Ийм байдлаар төрөөс дэмжиж өгвөл хаягдал усыг дахин ашиглах, цаашлаад энэ төрлийн шинэ арга технологиуд манайд өргөн дэлгэрэхэд тустай. Нөөц боломж нь байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Гачуурт тосгонд бидний байгуулсан “Бохир ус цэвэрлэх байгууламж” байна. Тэнд нэгдүгээр шатлалын шүүлтүүрээр ирж буй бохир усны лаг, зарим эрдэс, нянг шүүгээд дараагийн шатлал руу дамжуулах явцдаа бактерийг нь хэт ягаан туяагаар устгаад, 100 хувь цэвэршүүлсэн ус болгож байгаа юм. Шүүлтүүрийн явцад лаг хуримтлагдана гэсэн ойлголт байхгүй. Манай төслийнхөн анх удаа америкийн борцолсон бактерийг туршиж, үржүүлэн лагийг идүүлэх арга замаар бүрэн устгаж байгаа. Энэ байгууламжид айлууд, албан байгууллагуудын жорлонгийн бохироос гадна ахуйн, эмнэлгийн цус нөжтэй, бусад хортой гээд бүх төрлийн бохирыг агуулсан хаягдал ус ирж байгаа. Гэвч бид Японы цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ундны усанд ч хэрэглэж болох хэмжээний цэвэршүүлж чадаж байна. Хаягдал усыг цэвэршүүлж чадаж байгааг мэргэжлийн бүх байгууллагаас шинжилж, судалж, найдвартай гэдгийг тогтоосон” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр хаягдал усыг саарал ус болгон ундны уснаас бусад зүйлд ашиглаж болох хэмжээнд цэвэршүүлж чадаж байгааг ярьсан юм.
Эндээс бид хаягдал усыг дахин ашиглаж, үйл ажиллагаандаа ашиглаж буй аж ахуйн нэгж, компанийн эрэлд гарлаа. Хаягдал усаа цэвэршүүлэн дахин ашигладаг компани, аж ахуйн нэгж нэг үеэ бодвол цөөнгүй болсон. Тэднээс бид хаягдал усыг цэвэршүүлэхэд ямар техник, технологи, хөрөнгө шаардлагатай болоод эргээд үр өгөөж нь ямар байгааг тодруулах юм. Түүнчлэн саарал усыг түгээмэл ашиглахад хамгийн их шаардлагатай дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тэд ямар санал, санаачилга дайх нь хууль санаачлагчдад чухал юм.
Үргэлжлэл бий.
Б.Энхмарт

Сэтгэгдэл ( 4 )
Saaral alt bhdaa yahavdee, chadvargui medleggui setguulchid olshirvoo.
Mongolchuud tsenxer alt Saaral alt gej usig nerledeggyi chandmani erdene gedeg mergejliin bus xymyys ner tomoyog xyrtel xereglej suraxgyi yum daa
Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103