Улаанбаатар уг нь тайван амгалан хот гэгддэг. Гэвч сүүлийн өдрүүдэд гэгээн цагаан өдрөөр гудамжинд буун дуу гарлаа, машины цонх руу буудлаа, эмнэлгийн гадаа хүн буудаад алчихлаа гэсэн мэдээллүүд ар, араасаа хөврөх болов. Ойр, ойрхон дуугарах буун дуу юуны дохио вэ. Мэдээж сайн сайхны дохио лав биш...
2017 оны 3 дугаар сарын 19
Элчин сайдын яамны гадаах зогсоолд байсан машин руу бууджээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө нэгэн иргэний автомашин руу буудаж танхайрсан хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруубал, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талын замд байрлуулсан байсан “Приус 30” маркийн автомашин руу хэн нэгэн буудсан байжээ.
Энэхүү хэргийг гуравдугаар сарын 19-ний өдөр автомашин эзэмшигч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Улмаар харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийн газраас олдсон сумны хошууг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн шинжилгээний албанд шинжилж байгаа аж. Хэргийн газраас олдсон 2,3 см-ын хэмжээтэй сумны хошуу олджээ.
2017 оны 3 сарын 21
Эмнэлгийн гадаа хүн буудав
Өчигдөр орой 21 цагийн үед “Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудаад алчихлаа” гэх дуудлага мэдээллийг тус эмнэлгийн ойролцоох эмийн сангаас нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн аж.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ирж, тухайн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. Бид энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр орой эмнэлгийн хашаанд хүн буудууллаа” гэх дуудлага ирсэн нь үнэн. Энэ дагуу очиж шалгахад буудуулсан болон буудсан хүн олдоогүй. Ийм хэрэг болсон эсэх нь тогтоогдоогүй” гэсэн юм. Ямартаа ч энэхүү мэдээлэлтэй холбоотой хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Хуулийн заалт:
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д галт зэвсгийг хот суурин газарт ашиглахыг хориглосон байдаг. Мөн хуулийн 15.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно хэмээн заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн 181-р зүйл, 181-ийн 3-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )