Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо (ОУЭССХ) Панамд байрлах “Моссак Фонсека” олон улсын хуулийн байгууллагын мэдээллийн сангаас их хэмжээний мэдээллийг олон нийтэд дэлгэсэн билээ. 15600 хуудас бүхий уг мэдээлэлд Исланд, Пакистаны ерөнхий сайд, Украйны ерөнхийлөгч, Саудын Арабын эзэн хаан зэрэг 140 гаруй улс төрч, улс төрийн зүтгэлтэн, Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Ливийн удирдагч асан Муммар Гаддафи, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад, Украйны ерөнхийлөгч Петро Прошенко нарын хамаатан садан, найз нөхдийн нэр дээрх хөрөнгийн мэдээлэл багтсан байсан юм.
Баримт олон нийтэд хүрсний дараа өрнөж буй үйл явдлыг тоймлон хүргэе.
-Панамын Прокурорын газар “Моссак Фонсека”-гийн үйчлүүлэгчдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо ил болгож, олон улсын хэвлэлд бичигдсэн баримтууд нь мөрдөн шалгалт явуулах хангалттай үндэслэл болно гэж тус газраас мэдэгдсэн байна. Өчигдрийн байдлаар Австрали, Испани, Франц улс хамтран ажиллахад мэдэн гэдгээ илэрхийлжээ.
-Жагсаалтад бичигдсэн хүмүүсээс эдүгээ улстөрчдийн нэр л зарлагдаад буй. Тэгвэл тэдний дунд ХБНГУ-ын 1000 гаруй иргэн байгаа талаар “Sueddeutsche Zeitung” сонин мэдээлсэн байна.
-“Панамын жагсаалт”-д АНУ-аас хориг тавиулсан БНАСАУ, Зимбабве, Сири зэрэг улсын 33 ААН, хувь хүн бичигдсэн болох нь тодорлоо. Өөрөөр хэлбэл “Моссак Фонсека” дээрх улсуудыг хоригоос бултахад нь тусалдаг байжээ. БНАСАУ-ын ААН-үүдийн нэг нь тус улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөртэй холбоотойх магадлал өндөр гэнэ. 2008 оноос хойш АНУ-ын “Хар жагсаалт”-д бичигдсэн Сирийн тэрбумтан Рами Махлуф мөн “Моссак Фонсека”-гаар үйлчллүлдэг байжээ.
-Их Британийн татвар, гаалийн байгууллага ОУЭССХ-ноос ирүүлсэн баримтыг нарийвчлан шалгаж эхэлснээ зарлалаа. АНУ-ын Хууль зүйн яам мөн баримтуудыг шалгаж эхэлсэн байна.
-Жагсаалтад нэр нь орсон Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлагссон болсон явдлаас болж албан тушаалаа орхихгүй гэж мэдэгдсэн. Гэвч түүнийг огцруулах өргөдөлд өчигдрийн байдлаар тус улсын нийт иргэдийн найман хувь нь буюу 26 000 иргэн дэмжээд байв.
-Жагсаалтад Аргентиний нэрт хөлбөмбөгч Лионель Мессигийн гэр бүлийн гишүүдийн нэрс байгаа талаар олон улсын хэвлэлд мэдээлсэн. Харин хөлбөмбөгч эрс үгүйсгэж, дээрх мэдээллийг анхлан нийтэлсэн “Suddeutsche Zeitung” сониныг шүүхэд өгөөд байгаа ажээ.
Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )