Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

2017 оны 02 сарын 15

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.  

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.  

2017.02.15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ    

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.    

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр  шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.    

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.    

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.    

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө  хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.  

2017 оны 02 дугаар сарын 16-наас  02 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв    

16-нд зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 16-нд говь талын нутгаар, 17,18-нд ихэнх нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16, 17-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top