Б.Баатархүү: Хот суурин газарт цагаан сарын баяр тэмдэглэх ёс жаяг алдагдсан

2017 оны 02 сарын 14

Цагаан сарын баяраа хэзээ тэмдэглэх вэ хэмээн Монголчууд хоёр хуваагдан маргалдаж байна. Зурхайч нарын үнэн худал мэдээллээс болоод тэр шүү дээ. Зарим нь Хятад, Солонгосчуудтай хамт цагаан сарын баяраа тэмдэглэх ёстой гэж айлдаж байхад зарим нь Монголын цагаан сар тусдаа болдог гэж тайлбарлаж байна. Ер нь Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс Соёл Урлагийн Их сургуулийн Соёл, урлал судлалын хүрээлэнгийн захирал, доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа.

-Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагаан сарын баярын тухай ярихын тулд эхлээд хэзээ үүссэн, ямар учиртай баяр вэ гэдгийг дурьдах хэрэгтэй байх л даа.Цагаан сар бол маш эртний баяр юм. Судлаачид Хүннү, Сүннүгийн үеэс үүсэлтэй баяр гэж тайлбарладаг. Энэ баярыг сүүн сар, хувь сар гэж нэрлэдэг байсан. Зарим нутагт "хувилгаан сар” гэж нэрлэж байсан гэх мэдээлэл байна. Харин одоо бүх нийтээрээ цагаан сар гэж нэрлэн баярлаж байна. 13-р зуунаас өмнө бол цагаан сарыг хувь сар гэж нэрлэдэг байсан. Мөн намрын улиралд тэмдэглэдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл намрын улирал бол идээ цагаа элбэг дэлбэг тийм үе л дээ. Эрт үед ан гөрөө хийдэг хийсэн ангийн махаараа тахилга хийж тэндээсээ өөрсдийн овог аймгийн гишүүддээ хувь тараадаг байсан байна. Тиймээс л хувь сар гэж нэрлэх болсон. Одоо ч гэсэн хөдөө айлууд өвлийн идшээ хийгээд хувь мах, гэр мах гээд айлууддаа тараадаг. Энэ нь хувь сарын баяраас уламжлагдан үлдсэн өв соёл юм.

Айлд ороход ахмад настнууд "бүтүүлэг ид”, "цагаалга амс” гэдэг. Бүтүүлэг маань өөрөө хувь сарын баярын бэлэгдэл буюу махан идээ. Харин цагаан сар бол ерөөсөө төрийн баяр юм. Цагаан сарыг төрийн хэмжээнд тэмдэглэж эхэлсэн үе бол 1206 оны бар жилийн бар сард Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад намар тэмдэглэдэг байсан цагаан сарын баярыг хавар тэмдэглэдэг болсон.

Цагаан сарын баяр бол цогц баяр юм. Жишээ нь: Төрийн баяр, өвлийг өнөтэй давсны баяр, нас нэмсний баяр, нэг ураг төрлийнхөн, ах дүүсийн баяр юм.

- Хувь сараар ирсэн ах дүү, төрөл төрөгсөддөө хувь мах тараадаг байсан гэлээ. Тэгвэл цагаан сараар ирсэн зочиндоо бэлэг өгдөг энэ уламжлал нь хувь тараадагтай холбоотой юу. Ер нь бэлэг өгөх нь зөв үү?

-Хуучин уламжлалаар бол цагаан сараар бэлэг гэхээсээ илүү хувь өгдөг байсан. Энэ нь малчид өвлийн идшээ гаргаад хувь мах тараадаг байсантай адил. Түүнээс гадна хүүхдийн гарыг хоосон гаргаж болохгүй гэсэн уламжлал бий. Харин өнөө цагт ирсэн бүх зочдод бэлэг өгөхийг чухалчилдаг болж. Бэлэг өгөх нь сайн, муу гэж хэлэх нь зохимжгүй. Гагцхүү зөв бэлгээ л сонгох ёстой.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top