Намрын чуулган үүргээ САЙН гүйцэтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 11

УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Үүний дагуу УИХ-ын намрын чуулганыг өчигдөр /2017.02.10/ өндөрлүүллээ.

Шинэ парламент намрын чуулганы хугацаанд нийт дүнгээрээ УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болж, Байнгын болон Дэд хороод 140 удаа хуралджээ. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталжээ.

Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Энэхүү хуулиар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, нэхмэл болон хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 4700 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварын хэмжээ 1.0 хувь болж байгаа юм.

Мөн импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ингэснээр 54 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх, бүтээмжээ нэмэгдүүлэх таатай боломж нээж өгч байна. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа 767 мянга орчим иргэний ажлын байр найдвартай хадгалагдах боломж бүрдэнэ.

Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгохоор боллоо.  Цаашид ч тэтгэврийн зээлийн хүүг багасгах ажлыг шат дараалан хэрэгжүүлэн гэдгийг салбарын сайд нь онцолоод буй.

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Өмнөх парламентын үед шийдэж чадаагүй, нэгэнтээ буцаагдаж байсан, УИХ-д дахин өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлгийг хийлгүй орхисон Авлигатай тэмцэх хөтөлбөрийг энэ чуулганаар хэлэлцэн баталсан нь өнөөгийн УИХ-ын авлигатай тэмцэх хүсэл зоригийг илэрхийлж байгаа хэрэг юм.

Завсарлаж буй ээлжит чуулганы ард шийдвэрлэх ээлжээ хүлээж буй олон хууль, тогтоомжийн төсөл үлдэж байна. Улс орны амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулах, уруудаж өеөдсөн эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшлийн суурийг бүрдүүлэх зорилтыг хууль, эрх зүйн хувьд ханган, бодлогоор дэмжих томоохон үүрэг хариуцлага энэ удаагийн УИХ-д ногдсон гэдгийг Та бидний хэн нь ч мартах учиргүй" гэсэн юм.

Мөн чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс бүрдсэн 13 Ажлын хэсэг гарч, дөрвөн Ажлын хэсэг дүнгээ нэгтгэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар холбогдох эрх бүхий этгээдэд тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гончигсүрэн(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Худлаа

1  |  0
гончигсүрэн(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Худлаа

1  |  0
Top