Л.Гансүхийн өмгөөлөгч Улсын ерөнхий прокурорт гомдол гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

2016 оны гуравдугаар сарын 23-нд “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр Л.Гансүх 2016 оны гуравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүхээс 3.6 жилийн ялаар шийтгүүлж хоригдоод байсан. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэнсэн харгалзаж, суллагдах эрхтэй болсон юм. Учир нь тус хэргийн анхан шатны шүүхийн тогтоол 2015 оны есдүгээр сарын 21-нд гарч, Улсын дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл нийт 283 хоног хоригдсон байжээ.

Ингээд Л.Гансүх Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих ангиас Төв аймгийн прокурорийн газарт суллагдах хүсэлтийг гурван удаа илгээсэн ч буцаагдсаар өдийг хүрч Л.Гансүх 13 хоног илүү хоригдоод байгаа юм. Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ “Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хугацаанаас нь өмнө тэнсэн суллах нь Төв аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал байтал Төв аймгийн Прокурорын газар нь суллах эсэх асуудлыг шийдвэрлэхгүйгээр үндэслэлгүй хүсэлтийг буцааж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрхийг онц ноцтойгоор хохироож байна” гэжээ.


Төв аймгийн прокурорын газраас буцаасан тогтоолын үндэслэл нь “Таныг заавал суллах албагүй” хэмээсэн байна. Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гомдол гаргасан ч тэрээр эзгүй байсан тул Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хүлээн авч Л.Гансүхийн материалыг татаж авчруулахаар үүрэг өгсөн байна. Мөн тэрээр энэ асуудлыг хянаж үзээд хариу өгөхөө хэлжээ. Л.Гансүх МУ-ын Ерөнхийлөгчид өмнө хаягласан захиандаа “хорт хавдартай үлдсэн эхнэрээ гарч асрах юмсан гэж хоног тоолон суулаа” хэмээн дурьдсан. Ямартай ч Улсын прокурорт очсон түүний хүсэлт нааштай шийдэгдэх магадлалтай болж ирлээ.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amarbat(99.13.71.208) 2025 оны 03 сарын 13

tarvagadorjiin honzognol.

1  |  0
Top