НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас сар тутам Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн индексийг гаргадаг. Индексийг мах, сүү, элсэн чихэр, үр тариа, тос гэсэн гол таван нэрийн бүтээгдэхүүний үнэд суурилж гаргадаг юм. Тэгвэл хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн индекс 2016 онд өмнөх жилийнхээсээ 19 хувиар буурчээ. Хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш сүүлийн таван жилийн доод хязгаартаа ирээд байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тайланд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 онтой харьцуулахад 19 хувиар буурсан гэж тэмдэглэжээ. Төрөл тус бүр дээр авч үзье.
Дэлхийд
FFPI буюу Хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс
Энэ бол дээр хэлсэнчлэн гол таван нэрийн бүтээгдэхүүний үнийн индекс дээр суурилж гаргасан дундаж индекс юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 154.1 болж, сүүлийн таван жилийн доод үзүүлэлтдээ хүрлээ. Харин 2016 оны дундаж индекс 164.1 орчимд хэлбэлзсэн нь 2015 оныхоос даруй 19 хувиар бага байгаа юм. Үүнд элсэн чихэр, тосны үнэ буурсан нь голлон нөлөөлжээ.
Шалтгаан: Газрын тосны үнийн уналттай холбоотойгоор өртөг багассан. Газрын тосны үнэ унаснаар үйлдвэрүүдийн хувьсах нэмэлт зардал буурсан. Мөн газрын тос экспортлогч орнуудын худалдан авах чадвар буурсан нь эрэлтийг багасгажээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ:
Үнэ ханш үхэр, хонь, гахай, тахиа гэсэн дөрвөн төрөл дээр унасан нь 2010 оноос хойш гараагүй тааруу жил болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Үхрийн махны үнийн уналт АНУ импортдоо квот тогтоосонттой холбоотой бол гахайн махны үнийн бууралтад Европын холбоо үйлдвэрлэлээ үлэмж нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлжээ.
Монголд
Гурилын үнэ
Харьцангуй тогтвортой байсан ч ургац алдах хүлээлт үүссэнтэй холбоотойгоор нэг өдрийн дотор кг тутамдаа 80-100 төгрөгөөр огцом нэмэгдсэн. Ургацын алдагдлыг импортын хямд улаанбуудайгаар бүрэн нөхсөн ч үнэ эргэж буураагүй.
Махны үнэ
Малын тоо толгой 71 саяд хүрч урьд хожид байгаагүйгээр өссөн. Малчид “Бичин жилийн зуд” болж магадгүй” гэж эмээн малаа их хэмжээгээр нядалснаас болж нийлүүлэлт эрэлтээс давсан. Гэвч үнэ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй.
Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )