Cаун, массаж ажиллуулах нэрээр охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх явдал газар авсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших саун, массажны газруудад сайн дурынхан болон цагдаагийнхан шалгалт явуулсан байна. Шалгалтаар массажны газар охидын биеийг үнэлүүлж буй ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ale House” зочид буудлын B1 давхарт байрладаг массажны газарт шалгалт явуулахад охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байсан байна. Өмнө нь “Хас Монгол” хөдөлгөөнийхөн дээрх газарт шалгалт явуулахад охидын биеийг үнэлүүлж буй зөрчил илэрч байсан ч цагдаагийнхан одоо хүртэл хууль бус үйлдлийг таслан зогсоож чадаагүй байна.
Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцанд массаж ажлуулах нэрээр охидын биеийг үнэлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад нотлогдсон байна. Энэ мэт охид эмэгтэйчүүд биеэ үнэлэх, биеийг нь үнэлүүлэх явдал ихэссээр байгаа юм. Хотын гудамжинд “массаж хийнэ” гэсэн зар наасан байдаг. Үүний ард биеэ үнэлэлт явж байна гэж үзэн дээрх бичгүүдийг хуулж устгах ажлыг иргэд, сайн дурынхан зохион байгуулах болсон байна. Биеэ үнэлэх нас залуужсан гэж хуулийнхан мэдээлэл өгдөг. Гол төлөв 18 – 25 насны охид биеэ үнэлж байгаа гэсэн мэдээлэл бий.
Дээрх хууль бус үйлдэлд эрүүгийн хариуцлага үүрүүлэхээр хуульд заасан. Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт, "Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн хуульчилсан байдаг юм байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
Trans jenderuudiin biye uneldeg nuuts gazar baidagiim bilee
Энэ муусайнуудыг хаавал таарна. Цагдаагийн байгууллага нь юу хийж байна. Дэлгэрэнгүй сурвалжлага бэлдэх хэрэгтэй юм байна даа. сэтгүүлчид ээ.