Тусгаар тогтнолын төлөөх мөнхийн үйлстнүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 01

Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй зүтгэж, түүхэнд нэрээ мөнхөлсөн  Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойд зориулан “ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ МӨНХИЙН ҮЙЛС” үзэсгэлэнг БСШУСЯ, Монголын Үндэсний музей хамтран 2017 оны 2 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулж, үзэгч олноо толилуулах гэж байна. 

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлсэн бол, маршал Х.Чойбалсан 1895 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлжээ. Эдгээр эх орончдын төрсөн өдрийг тохиолдуулан  энэхүү үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна.

Уг үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэглэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй  ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтсан болно. Эдгээрийн дотор жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг даалин, сэлэм, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг дээл, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийн хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрүүд бий.  

Д.Сүхбаатар  нь 14 наснаасаа бичиг үсэгт шамдан сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан бөгөөд 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан. Тэрээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв.

Х.Чойбалсанд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын бага хурлын дарга, 1931 оны эцсээс Мал тариалангийн яамны сайдын албыг тус тус хашиж байсан. 1939-1952 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй 13 жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

 Үзэсгэлэнгийн нээлт: 2017 оны 02-р сарын 02-ны 14:00 цагт Монголын Үндэсний Музейд болно.

 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top