Тайланд “Хүний наймааны үүр” болж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 01

Тайландын эрх баригчид олон тэрбум ам.доллар эргэлддэг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний салбартаа “их цэвэрлэгээ” хийж байна. Тус улсын хууль хяналтын байгууллага энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй бизнесмэнийг баривчилжээ.  

Тайландын загасчид далайн ховор амьтдыг хууль бусаар агнадаг, мөн насанд хүрээгүй хүүхдийг хөлөг онгоцон дээр олон сараар хүнд хүчир хөдөлмөр хийлгэдгийн зэрэгцээ хүн худалдаалах гэмт хэрэг ч гардаг байж болзошгүй гэсэн мэдээлэл олон улсын байгууллагуудад олонтаа ирдэг аж. Үүнтэй холбогдуулан Европын холбоо дээр нэр дурьдсан бохир асуудлаа цэгцлэхгүй бол цаашид бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэсэн утгатай бичгийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тайландын Засгийн газарт ирүүлсэн юм байна. Ингээд тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд хууль бус ан, агнуур, хүний наймааны хэрэг байж болзошгүй 36 тохиолдлыг мөрдөн шалгаж, 130 гаруй хүнийг чөлөөлжээ.

Тайланд нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг бөгөөд загас агнуурын хөлөг онгоцон дээр ажиллах ажилчдаа ихэвчлэн хөрш орнуудаас авдаг. Эхлээд өндөр цалин амалдаг ч нэгэнт хөлөг онгоцон дээрээ гаргаж, далайд гарсан хойноо боол шиг ажиллуулдаг явдал түгээмэл ажээ.  

“ВВС” агентлагийн Тайланд дахь сурвалжлагч Жонатан Хейд энэхүү ажиллагааны талаар “Хэдийгээр төр засгаас анхаарал хандуулж, “цэвэрлэгээ” хийж байгаа ч энэ салбарын гэмт үйлдлүүд дэндүү бугшмал, далд хэлбэрт шилжсэн учраас ойрын хугацаанд үр дүнд хүрэх найдвар муутай юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top