Хэт хуучинсаг үзэлт англичууд лалын шашинтай хүнийг нийслэл хотынхоо захирагчаар сонгосон хачирхалтай үйл явдал өнгөрсөн жил болсон билээ. Дэлхий нийтийг ч давхар, давхар гайхшралд оруулсан энэ дуулиан одоо ч зогсох янзгүй. Европын холбооны гишүүд дунд лалын шашинтай иргэнээр нийслэлээ удирдуулж байсан улс нэг ч байхгүй болохоор арга ч үгүй биз. Энэ шинэ түүхийг бүтээж дуулианы эзэн болсон Садик Хан гэж хэн бэ. Түүнтэй танилцацгаая.
Блиц анкет
Нас: 45
Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, эхнэр, хоёр охинтой
Улс төрийн нам: Лейборист намын гишүүн
Эрхэлж байсан ажил: “Либерти” олон нйитийн сангийн тэргүүн, хүний эрхийн хуульч. 2005 оноос Лондоны Тутинг тойргийн парламентын гишүүн.
Садик Ханы эцэг, эх Амуналла, Сехрун нар 1970 онд Пакистанаас Англид цагаачилж иржээ. Тэрээр айлын найман хүүхдийн тав дахь нь аж. Аав нь 25 жил нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилласан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, Садикийн дурссанаар багагүй орлого олчихдог, нийгмийн идэвхтэй хүн байсан гэнэ. Харин эх нь оёдол хийж, гэр бүлдээ нэмэр болдог байжээ. Садик ахтайгаа хамт Баруун Лондонд байдаг “танхайчуудын үүр” гэгдсэн дунд сургуулийг төгссөн аж. Муу ч үгүй хөлбөмбөг, бокс, крикетийн спортоор хичээлдэг, чамгүй авьяастай сурагчдын нэг байсан гэнэ. Бас улс төрийн идэвхитэй, дөнгөж 15 настайдаа Хөдөлмөрийн намд элссэн элдэвтэй жаал байжээ. Тэрээр лалын шашинтан гэдгээ хэзээ ч нууж байгаагүй. Тойргийн парламентын гишүүн болсныхоо дараа өгсөн ярилцлагадаа аав нь хэрхэн зөнч мэргэн Мухамедын талаар ярьж байсан талаар дурссан байдаг. Дунд сургуульд байхдаа улстөрч, шүдний эмч болно гэж төлөвлөн математик, физик, химийн хичээлд илүү анхаардаг байсан гэнэ. Яваандаа улстөрч болоход шүдний эмчээс илүү хуульчийн мэргэжил тохирохыг ойлгоод нийгмийн талын хичээлийг түлхүү судлах болжээ.
Ажлын гараагаа 1994 онд “Christian Fisher” хуулийн фирмийн хуульчаас эхэлсэн. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг давуу талаа ашиглан тэрүүхэндээ л олны танил болсон Садик гурван жилийн дараа тутинг тойргийн зөвлөлд нэрээ дэвшүүлтэл сонгогдож орхив. Улмаар 2005 онд парламентын сонгуульд ялалт байгуулж, үндэсний цөөнхөөс сонгогдсон таван гишүүний нэг болжээ. Тэр жилийн долдугаар сард Лондоны метронд бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан. Садик энэ үед хурц, хурц мэдэгдэл хийж, олон нийтэд алдаршжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Тони Блэрийг ихэвчлэн шүүмжилдэг байж. Түүнийг албан тушаалаасаа буусны дараа Садик Эд Болл, Гордон Браун нарын хамт Хөдөлмөрийн намын гол лидер болж хувирсан юм. Улмаар Г.Брауныг Ерөнхий сайд болоход танхимд нь багтаж, Тээврийн яамыг тэргүүлсэн. Ингэхдээ одоогийнхтой адил “Сайдын зиндаанд хүрсэн анхны лалын шашинт улстөрч” гэгдэн шуугиулж байжээ. Лондон хотын мэрийн суудалд өрсөлдөхдөө тэрээр үҮйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгийг ихээр авсны хүчээр ялалт байгуулсан. Хөдөлмөрийн нам 2015 оны сонгуульд ялагдал хүлээж, нэр хүнд нь унасан ч Садик Ханы нэр хүнд унаагүй гэдгийг энэ сонгууль харуулсан юм. Энэ байдлаараа тэрээр Хөдөлмөрийн намын хамгийн нөлөө бүхий улстөрч болж, сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхий сайдын суудалд ч тухлах боломжийг өөртөө бүрдүүлж чаджээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )