Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

“Оюу толгой” компани нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх ор 35, амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед ашиглах нөөц ор 250, амьсгалын аппарат нэг, нярайн шарлалт бууруулах тоног төхөөрөмж 20 ширхэгийг Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт хандивлажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмж дотор байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварын дэгдэлт зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагыг үүсгэдэг, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг тохиолдолд тэднийг ая тухтай үйлчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн амьсгалын аппарат нь уушгины хатгалгаа зэрэг өвчнөөс амьсгалын дутагдалд орсон  хамгийн бяцхан иргэд буюу нярай хүүхдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Шарлагын аппарат ч бяцхан иргэддээ зориулагдсан бөгөөд дөнгөж төрөнгүүт нь шарлалтыг нь бууруулахад хэрэглэнэ” гэлээ.

“Оюу толгой” компани 2016 онд Нийслэлийн ЗДТГ-тай байгуулсан хамтран ажиллах Түншлэлийн гэрээний хүрээнд нийслэл хотод амьсгалын замын хурц халдварын дэгдэлт үүссэн нөхцөл байдлыг харгалзан энэхүү тоног төхөөрөмж хандивлах төслийг санхүүжүүлэх болсон юм. Энэ хандивын төслийн хүрээнд амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлыг ч мөн хийх юм.

Энэ талаар“Оюу толгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах Ерөнхий менежер Л.Оргил “Эдгээр тоног төхөөрөмж нь нийслэлийн хүүхэд багачуудын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нүдээ олсон хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top