Г.Уянга Н.Энхбаярыг авлигачаар, Ц.Нямдоржийг тагнуулчаар цоллож байснаа давхиж очоод наалдчихсан

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 26

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан байдаг.

Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна хэмээн Дээд шүүх үзсэн байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу  “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын даргаар  Г.Уянга дахин томилогдсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ.

Тэгвэл тус намын даргын асуудал одоогоор шийдэгдээгүй маргаантай хэвээр байгаа  бололтой.

Энэ талаар тус намын дарга гэгдээд буй  Ц.Баянбилэг “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа “Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг  би үүсгэн байгуулсан. Би  бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга. “Ард Аюуш” кино дээр “Хэрэгтэн Аюуш биш ээ, хэрэгт холбогдсон Аюуш” гэдэг шиг зальтай, зайтай хүүхэнд намаа булаалгасан эр дээ. Тэр хүнийг Түгжилмаа гэж хэлнэ. Эрх ашиг, нэр төрийнхөө төлөө  хэнтэй нөхөрлөж, хэнийг ч түлхэж мэднэ. Н.Энхбаярыг авлигачаар, Ц.Нямдоржийг тагнуулчаар цоллож байснаа давхиж очоод наалдчихсан. Намайг чинь нэгэн цагт эх оронч, шударга залуу гэж байсан юм шүү” хэмээн ярьжээ.

Харин ТТЭНН-ын дарга Г.Уянга энэ тухайд “Хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэг даргатай, нэг тамгатай. Улсын дээд шүүх маргааныг тасалсан. Хэн нэгний талд биш хуулиа барьж шийдсэн.Намыг үүсгэн байгуулагч залуус улс эх орны эрх ашиг, шударга ёс алдагдаж байгааг засах сайхан үйлсийн тухай ярьж намайг намын дарга болооч гэж хагас жил гаруй гуйсан. Бие даагч бидний намыг Улсын Дээд Шүүх бүртгэж аваагүй тул надад энэ намаас өөр сонголт үлдээгүй. Намын дарга болоод долоо хоносны дараа их хурлаа зохион байгуулахаар маш их ажилтай байтал гэнэт Ц.Баянбилэгийг эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн мэдээ нийгмийн сүлжээнд цацагдсан. Утсаар ярьтал, цагдаагийн үүдэнд байна гэсэн. Тэгээд л шууд ачигдаад ганц худагт хоригдчихсон. Яагаад энэ тухайгаа өмнө нь хэлээгүй юм бэ гэхэд минь “Танаас санаа зовоод хэлж амжаагүй юм, уучлаарай” гэсэн. Гэтэл сонгуулийн дараа урьдчилан хорихоос гарч ирээд асар их хэмжээний мөнгө гэнэт надаас нэхсэн. "Эсвэл та намын даргаа өгчих, нам авъя гэсэн хүн байна” гэсэн.  Ингээд л тэд хууль бусаар намын бага хурал гэгчийг хуралдуулж даргаа өөрчлөөд Дээд шүүхэд өгсөн. Мэдээж хууль бус тул бүртгэж аваагүй. Ийм л юм болсон" хэмээн  "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 

 

 

Б.Алтжин

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elbeg (107.77.92.65) 2025 оны 03 сарын 13

Urbamtahai sharbamtahai gej iim humuusiig helekh baiha.

1  |  0
Top