АН-ын хуучин дарга нар сүүлийн үед хэвлэлд “хайр” зарлаад эхлэсэн. Ч.Сайханбилэг, З.Энхболд нар “Цензургүй яриа”-нд орж, “Фортуна” Н.Батбаяр ч телевизийн ярилцлага өгч харагдлаа. Мөн саяхан С.Баярцогт цахим хуудаст ярилцлага өгсөн байв. Сонгуулиас хойш З.Энхболдыг эс тооцвол тэд нам жим явж ирсэн. Харин гэнэт ингэж байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэх болсон нь шалтгаантай байж таараа. Тэдний өмнө нь хийж байсан ажилтай нь холбоотой эрх ашиг нь зөрчигдсөн, түүнийг нь булаах харлуулах гэсэн эрх баригчдын эсрэг хийж буй хамгаалалт гэж ойлгогдохоор байна. Ч.Сайханбилэгийн ярилцлагын гол сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлсэн асуудал байлаа. Тэр өөрийн гараар ОХУ-ын эзэмшлийн хувь хэмжээг хувийн компанид шилжүүлсэний хувьд яах аргагүй автор нь. Энэ үүднээсээ хийсэн ажлаа өмгөөлөх, хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ тэр үүнээс өмнө дуугарч болох байсан. Тэр тэгээгүй. Яг УИХ, Засгийн газрын зүгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаан авах, булаах тухай яригдаж эхлэхэд тэр сая хамгаалж эхлэв. Монгол Улсыг хагас зуун жил тэжээж тэтгэж ирсэн “Эрдэнэт”-ийн тал хувийг УИХ-аас асуулгүйгээр хувийн компанид зарах эрх Засгийн газарт байхгүй. Энэ үүднээсээ Ч.Сайханбилэг ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж хардах үндэстэй. Дээрх 49 хувийг худалдаж авсан “Монгол зэс” корпорацийнхан ч сандран, төр өөрийнх нь хувийг булаах аваас 500 сая ам.доллар нэхэмжлэнэ гэж сүрдүүлэв. Тэд айдастай явна.
“Фортуна” Н.Батбаярын ярилцлага өгсөн шалтгаан нь нэгхэн зүйлд л чиглэгдэж байв. Өнөөх Хөгжлийн банкны асуудал нь УИХ-аар орж, зээлийн хөрөнгийг үргүй зарцуулсан, үрэн таран хийсэн гэдэг дүгнэлтийг гаргасан тул тэр өөрийгөө хамгаалахаар хэвлэлд хандсан аж. Н.Батбаярын ойлгомжгүй яриа, өөрийгөө хамгаалж сийхгүй тууж буй түүнтэй юм ярихад хэцүү. Нэгэнт л бондын мөнгийг үр өгөөжгүй төсөлд зарцуулсан, хариуцлагагүй хандсан нь хөдлөшгүй үнэн тул тэр өөрөө ч шалгагдаж мэдэхээр байна. Түүний хамсаатнуудыг эхнээс нь хуулийнхан шалгаж эхлэсэн билээ.
АН-ын дарга З.Энхболдод гурван эрх ашиг бий. Нэг нь АН-ын ялагдалд өөрийгөө өөр хэн нэгнийг буруутгах гэсэн оролдлого явуулж буй. Нөгөө нь Тавантолгойг ММС-д өгөхгүй байх, хөрөнгө оруулалтыг удаашруулах, АН-ын даргын суудлыг фракцидаа авч үлдэх гэсэн гурван эрх ашиг түүнд нуугдаж байна. АН-ын даргын сунгаанд “Шонхор” фракциас С.Эрдэнэ өрсөлдөж байгаа. Түүнийг ямар нэгэн аргаар гаргаж ирэх нь З.Энхболдын зорилго. С.Эрдэнэ намын дарга болсноороо З.Энхболд тамгаа баруун гараараа өгөөд зүүн гараараа эргүүлж авч буйтай нэгэн адил юм. Тэр ярилцлагынхаа үеэр “УИХ-ын гишүүдээсээ намын даргаа сонгох нь зөв” гээд хэлчихсэн нь намдаа “хэрүүлийн алим” бий болгочихлоо. Л.Гантөмөрийг дэмжигчид түүнийг намын даргын хувьд сонгуулийн дотоод журам зөрчсөн, нэр дэвшигчдийн хэн нэгэнд нь давуу байдал үүсгэж байна гэгчлэн шүүмжлэлийг бий болголоо. Ингэж шүүмжлэх нь ч зүйн хэрэг. АН-ын даргын хувьд тэр хэн нэгнийг илтээр дэмжих, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж мэдэгдэл хийх өөрөө зохисгүй үйлдэл байлаа.
З.Энхболд “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бантан шиг гэрээнээс ч дор гэрээ байгуулах гэж байна” гэж одоогийн Засгийн газрыг шүүмжилсэн. Тэр хэзээнээс л Шинхуа болон ММС-д Тавантолгойг ашиглуулахыг эсэргүүцэж ирсэн. Монголчууд өөрсдөө эзэмшинэ, ард түмнээсээ асууна гэдэг түүний популизм өнөөдөр ч үргэлжилж байна. Намаа ялагдуулсан бурууг С.Баярцогтод ч юм уу дохоод тэр нэр цэвэр үлдэх хүсэлтэй яваа. Нөгөөтэйгүүр намын даргаар С.Эрдэнийг тавих нь тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сүүлчийн боломжоо ашиглах гэж буй ч байж мэднэ. Гэхдээ АН-ынхан арай ч тэгж түүнээр намаа тоглуулахгүй байх.
С.Баярцогтын ярилцлагын өнгө аясыг ажиглахад, улс төрчийн хувьд өөрийгөө эргэн сануулах, болж өнгөрсөн үйл явдалын талаар нэг дугарах ёстой гэж бодсон болов уу. Нам ялагдуулсан бурууг өөртэй нь холбосон З.Энхболдын хариуг ч өгсөн харагдсан. Мэдээж тэр Оюутолгойн гэрээнээс Монголчууд ашиг хүртэнэ гэж гүрийсээр л яваа.
АН-ын өнгөрсөн Засгийн газар, УИХ-ыг толгойлж байсан эрхмүүд дуу орж эхлэсэн нь өөрсдийнхөө ашиг сонирхол, нэр хүндээ хамгаалах гэсэн л оролдлого гэж харагдаж байна. Нөгөө талдаа өнгөрсөн бүхнийг үгүйсгэж яваа МАН-ын бодлогыг эсэргүүцсэн үйл явдал гэж харж болох юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 7 )
Хаяагаа манасан новшнууд .тэр хужаацогт оос яагаад хяналт шалгалт торийн хучний байгууллагууд айгаад баина мэдэх хун бна уу та минээ? ? ?
Луйварчид амь орох цагаар гэсэн гарчиг өгсөн бол онох байж дээ
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
нүүрс үнэтэй байгаа дээр хөдөлгөх л хэрэгтэй боловуу, манай нүүрсний ганц хэрэглэгч хятад нүүрсний хэрэглээгээ бууруулна гээд байгаа гээ биз дэ
Өөрсдөө ашиглаллаа гэхэд хятад авахгүй бол яах юм бэ тэнэгээ
tavan tolgoig ard tymneesee asyyj mongolchyyd oorsdoo ezemshij ashiglahad yu n byryy bga yum dandaa l hyatadyydad ogoh yum yarih yum
Гажиг хэд