Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар-Таны оролцоо” аян зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төвүүд, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж буй юм байна. Энэ үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар шийдсэн байна.Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )