Нийслэлийг дагуул хоттой болгох талаар хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Монголын хотуудын холбоо ТББ, НЗДТГ-тай хамтран “Монгол Улс - Хотууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох байгууллагын төлөөлөл  оролцож, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймгийн төвүүдийг хот болгох,  хот биеэ даахын ач холбогдол, хотын жишиг дүрмийн танилцуулга, зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох ажлын явцын талаарх мэдээллийн танилцууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, иргэдийн оролцооны талаар танилцуулав. УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилт дэвшүүлсэн юм. Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 21, 22-нд болж иргэдийн 95,1 хувь нь хот байгуулахыг дэмжсэн бол Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 21-ний өдөр болж иргэдийн 96,1 хувь нь хот байгуулахыг дэмжсэн. Тус 2 дүүрэгт дагуул хот байгуулах ажил 75 хувьтай явж байгаа гэдгийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэлж байв.  “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор хот суурин, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор бүх аймгийн төв болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөх бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд аймгийн төвүүд бие даасан статустай хот болон хөгжих боломжтой. Нийслэл болон бусад хотууд  өөрийгөө тэтгэх эдийн засагтай, бие даасан төсөвтэй байх шаардлагатай бөгөөд үүний тулд хотын татвартай болох асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top