Баярын өдрүүдээр цасан болон шороон шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

12 дугаар сарын 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.    

Шинэ оны босгон дээр буюу 31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 24-29 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top