Өнөөдөр Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр. Энэ өдөр даян дэлхийд хүн төрөлхтөн сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад нэгддэг.

Сүрьеэ гэх өвчнөөс болж жил бүр 1.7 сая хүн амиа алдаж байна. Энэ нь нас баралтын шалтгаанууд дунд гуравдугаарт орж байгаа аж.

1882 оны энэ өдөр Германийн эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний шалтгааныг илрүүлж, савханцрыг тодорхойлсон ба хүн төрөлхтний энэ аймшгийг эдгээж болдог гэдгийг зарласан юм байна. Сүрьеэгийн хоруу чанарыг вакцин, цөхрөлтгүй эмчилгээ, олон нийтийн оролцоогоор үгүй хийж чадна гэдгийг анх зарласнаар дэлхийн анагаах ухааны түүхэнд эргэлт хийсэн юм.

Ингээд НҮБ-аас гуравдугаар сарын 24-нийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарласан ажээ. Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг.
Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги юм. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог.

Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/ Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй.
Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан" сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ.
Гэхдээ энэ бол эдгэрдэг өвчин.


Сэтгэгдэл ( 0 )