Мөнгөний ханш уналаа хэмээн хэвлэлээр өдөр шөнөгүй ярьж байгааг иргэд надаар хэлүүлэх юун. Яг үнэндээ эдийн засагч биш болохоор инфляци гээч зүйл ингэж өсөөд байна гэдгийг яг таг хэлж мэдэхгүй ч дэлгүүрийн лангуун дээрх бараа таваарын үнэ нэмэгдсээр байгаа нь үнэн юм.Үүнийг дагаад иргэдийн амьжиргаа ч дордож мөнгөний эрэлд өдөр шөнөгүй зүтгэх болсон нь олны нүдэн дээр ил байна.
Гэтэл мөнгөнд дургүй хүн байна цаана чинь. Гэхдээ боодол 10 мянгатын дэвсгэрт, цаашилбал 20 мянгатын дэвсгэрт байх юм бол арай өөр л байх л даа. Олны "дургүйг хүргэж" хөлд гишгэгдсэн төгрөг бол мөнөөхөн алдарт жанжин Д.Сүхбаатарын зураг бүхий 10-т, 100-ын дэвсгэрт юм.
Саяхан автобусаар зорчихоор хаалгаар нь ортол төрийн сүлдтэй 10 төгрөгийг "тоох" хүн байхгүй хүний хөлд гишгэлэгдэн байгааг харж их л бухимдан бусдаар "үл ичин" хурдхан шиг л шүүрэн авч билээ.
Гэтэл 10 бүү хэл 100 төгрөг ч юу ч биш болжээ, энэ нийгэмд. Энд би мөнгөний ханш ярих гэсэнгүй. Харин хэнд ч хэрэггүй хог болон газар хаягдсан зуутын дэвсгэртийн "адал явдлын" талаар онцлон хөндөж байгаа юм.
Таны харж буй энэ зуун төгрөг бол гэмт хэргийн гэрч. Хичээнгүйлэн хуйлж голыг нь шатаасан энэ 100 төгрөгийг ашиглан хэн нэгэн нь дэлхий нийтийг нөмрөн буй чимээгүй цагаан тахал болсон хөнөөлт хар тамхийг хэрэглээд олны хөлийн газар ил цагаан хаясан бололтой.Аль эсвэл хаа нэгтээгээс салхины аясаар туугдан хөөгдөн хийсч ирсэн биз ээ.
Юутай ч гадны хар тамхичдын доллар хуйлж сордог бузар жишгийг Монголчууд маань аль хэдий өөрийн болгож Төрийн сүлд бүхий 100-ын дэвсгэртийг гаргуунд нь гаргасны баталгаа энэ боллоо.
Уг нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуультай. Гэсэн ч хуулийг үл тоон цагаан тахалд донтогчид дээрх үйлдлийг хаа нэгтээ хийжээ.
Харин хамгийн чанд хатуу хуультай гэгддэг манай урд хөршид бол 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах ял хүртэл ногдуулж жилдээ хэдэн зуун хүн ялын дээд хэмжээг сонссон гэдэг.
Тэгвэл манай хойт хөрш ОХУ- д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ялаар торгох, 1 сая рубль /ойролцоогоор 40 орчим сая төгрөг/-г төлөхөөр тус тус хуульчлагдсан байдаг аж.
Энэ мэтээр дэлхийн хэмжээнд чангад тооцогдох хуулиар яллагддаг хэргийг манай улсын захын сургуулийн хүүхэд үйлддэг нь харамсалтай. Дээр дурьдагдсан гэмт хэргийн гэрч болсон хуйлаастай 100-тын дэвсгэртийг Чингэлтэй дүүргийг нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах Алтай Центрийн үүднээс олсон юм.

Цөөхөн хүн амтай манай улс оронд хар тамхи гээч хорыг хэрэглэдэг гэмт хэрэгтнүүд борооны дараах мөөг шиг хурдаг "ургаж", түгж байгаа нь нууц биш болж байгаагийн гэрч нь ч 100-тын дэвсгэрт болж байна. Яг үүнийг гэрчлэх үйл явдал одоогоос гурван сарын өмнө мөн л тус дүүрэгт болсон юм. Хэрэг гардаг өдөр Их дэлгүүрийн ардхан талд байрлах 4 дүгээр байрны ойролцоо бөөн шуугиан дэгдсэнийг чихтэй болгон сонсож, нүдтэй болгон харсан. Харин мэргэжилдээ хөтлөгдсөн миний бие уг үйл явдлыг хамгийн ойроос харсан юм. Намайг очиход 5-6 ангийнх болов уу гэмээр биетэй, улаан хүрэн дүрэмт хувцасаар жигдэрсэн хоёр хүүгийн хувцаснаас хоёр залуу татан чангааж тавихгүй зууралдан байв. Учир нь дунд сургуулийн сурагч хөвгүүд мансуурахыг оролдож байгаад тус байрны хоёрдугаар орцны жижүүрт баригдсан нь тэр байж.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол үе үе өсвөр насны, заримдаа арай томхон гэмээр хүүхдүүд байрны орц, гадаах цэцэрлэгт гурав, дөрвөөрөө ирж мансуураад байгааг ажигласан байна. Тэднийг харсан н.Отгоо гэх ахимаг насны эмэгтэй цагдаа дуудсан ч барьж чадалгүй зугтаалгачихаад байжээ. Харин дээрх хоёр хүүг яг үйлдэл дээр нь барихын тулд ойролцоо явж байсан залуусыг туслахыг гуйж, ингэснээр иргэний үүргээ биелүүлээд зогсохгүй буруу замаар будаа тээж мансууралд донтсон хүүхдүүдийг нэвт шувт орчихоос өмнө зогсоосон төдийгүй цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирохоос сэргийлжээ.
Хүүхдүүд хичээлээ тараад явж байсан бололтой хичээлийнхээ дэвтэр дээр өвс гэхээр зүйлийг асган бэлтгэж хажууд нь эсгий шатаасан байсан нь жижүүр эмэгтэйд сэжиг төрүүлж цагдаа дуудахад хүргэжээ. Ингээд удалгүй ахлах дэслэгч н.Батбаатараар ахлуулсан гурван цагдаа ирж хөвгүүдийг авч явсан юм.

Энэ байдлаас харахад барууны кинонд гардаг дэлхий даяараа жигшээд барахгүй байгаа хар тамхи өсвөр үеийг минь онилоод амжиж. Хамгийн гол нь хууль хяналтынхан үргэлж хянаж цагдсаар байтал хилийн чанадаас манай улсад хаягласан хар тамхи орж ирэх явдал тасрахгүй байна. Мөн дурьдах ёстой зүйл бол хүүхдэд хар тамхины төрөл, мансууруулах эм, бодис дамжуулж байгаа сурвалж бүхий хүмүүсийг нэн даруй илрүүлэх шаардлага юм. Биднийг ажил амьдралаа хөөн завгүй байх зуур үр хүүхэд тань юу хийж хэнтэй нийлж байгааг заавал шалгаж мэдээрэй. Бас магадгүй таныг энд тэнд явж байхад хуйлаастай, гол нь харлан шатсан мөнгөн дэвсгэрт тааралдах аваас тэр бол хүн төрөлхтөнийг мөхөл рүү аваачих цагаан тахлын гэрч юм шүү гэдгийг санаарай.
Сэтгэгдэл ( 5 )
Ter sky toweriin tend shono yawj baisan chine booronhii 1000 t baihaar ni awah gesen chine gol ni shataad alga boltson baihaar ni ter chigt ni haysiishdee
Tomchuud huilarch huuhdee ugdug 1 surguuliin ahlah angiinan avch tatdag shuu!
Ene zuiliig zaluus mash olonoor heregldeg 10 jiliin huuhduud hurtel chimeegui irj bui dontol gj enedee :(
mongoliin setguulchdiig har tamhinii talaar medlegtei bolgoyoo. har tamhi gedeg neren door yag yamar mansuuruulah bodis yariad baigaa um bee
Наймаачид нь эхлээд үнэгүй өгч байгаад дараа нь зарж эхэлнэ тэгээд л донтсон хүн хамаг юм аа бариад гүйнэ дээ энэ л осолтой МУ-ын Тагнуулын Ерөнхий Газар юу хийгээд байна аа даргаа л сольж ажиллаа хийдэг хүмүүс юм шиг ээ ...