Үндэсний компаниуд үхлийн нян тээгчээр Монголчуудаа угжаад байгаа юм биш биз!

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Дэлхийн сүү экспортлогч компаниудын хамгийн томд тооцогддог “Фонтерра” компани Хятад, Малайз, Вьетнам, Тайланд болон Саудын Араб руу нийлүүлсэн уурагны концентрат нь төв мэдрэлийн системийг хордуулахад хүргэдэг Клостридум ботилинум нянгаар бохирдсон байсныг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг албан ёсоор хийсэн ч, өөрсдийн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүрч буйг олон улсын хэвлэлүүд бичиж байгаа гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа юу? Мөн энэ компанийн үйлдвэрлэсэн зөвхөн шар сүүний хатаамал уурагт бус хуурай сүүнд нь ч тэрхүү нян агуулагдаж байгааг зарим улс  орнуудад хийсэн шинжилгээний хариу илтгэж байгаа тухай та сонссон уу? Уг нь энэ асуудал үүнийг уншин суугаа танд ихэд хамаатай юм. Учир нь та, таны  үр  хүүхэд, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд тань АПУ, Витафит-Инвест, ТЭСО зэрэг үндэсний томоохон компаниудад үйлдвэрлэсэн сүүг ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг байж мэднэ. Тэгвэл эдгээр компаниуд “Фонтерра” компанийн хуурай сүүг устай хольж “Монгол сүү” үйлдвэрлэдэг юм.

Түүнчлэн ОХУ, Хятад, Шри-Ланк,  Казакстан,  Беларусь улсууд  энэ компанийн үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаамал болон хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг импортлохыг бүрмөсөн хориод байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа. Гэтэл Монголчууд ийм асуудалтай зэрэгцэн сэрэмжээ өндөрсгөхийн оронд бүр төр засгийн хэмжээнд  “Фонтерра”-г дэмжих аян өрнөөд байгаа нь анхаарал татаж байна.

Ямартаа л  Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр эрхэм Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн Сайд Маррей Маккалитай уулзаад Шинэ Зеланд улсаас туршлага хуримтлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл, нөгөөх нь өөрсдийн хуурай сүүний үйлдвэр болох “Фонтерра”-тай танилцуулж, туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа хэлж байх юм. Сайд эрхэм ч түүний хүсэлтийг дуртайяа хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. Харин албаны нөхдийн хүрээнд ийм яриа болсноос хойш хэдхэн өдрийн дараа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Импортын хатаамал сүү, хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, иогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлийн худалдаалалтад тандалт, хяналт хийсэн тухай”  албан ёсны мэдээллийг албан ёсоор ил болгов. Тандалт, хяналтын үр дүнд “Фонтерра”-гийн бүтээгдэхүүнд ямар ч асуудал алга гэдэг дүн тавьсан байна.

АПУ, Витафит-Инвест, ТЭСО зэрэг ХХК-иудын импортлосон “Фонтерра” компанийн 220 тн хуурай сүү, түүгээр үйлдвэрлэсэн Цэвэр, Милко, Өглөө  нэрийн ундны сүү, “Цаст фүүдс” ХХК-ийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Менгниү” компанийн “Монмилк” нэрийн /төрөл бүрийн савлагаатай кальциар баяжуулсан, тоор, гүзээлзгэнэ жимстэй, тэргүүн нэрийн/ 6 төрлийн савласан шингэн сүү буюу нийт 11 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч нэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байгаа юм.

Харин шинжилгээний сорилтын дүнгээр АПУ ХК, ТЭСО ХХК, Витафит-Инвест ХХК-иудын импортлосон Шинэ зеландын хуурай сүүний 4 дээжид хийсэн лабораторийн сорилын дүнгээр MNS 2842:2011 “Хатаамал сүү” техникийн шаардлага хангасан бол, хатаамал сүү ашиглан үйлвэрлэсэн ундны 3 төрлийн  шингэн сүү, Цаст фүүдс ХХК-ийн импортолсон 6 төрлийн шингэн сүүний дээжинд Clostridium botulinum илрээгүй бөгөөд MNS 6308:2012  Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартын шаардлагыг тус тус  хангасан байна гэсэн дүгнэлт гарсныг мэдээлэв. Тэгтэл АПУ ХК компани гэхэд өөрийн эзэмшлийн телевизийн сувгаараа энэ хяналт шалгалтын тухай мэдээллийг цацахдаа шалгалтад хамрагдсан компаниудын жагсаалтаас өөрийнхөө нэрийг хассан байх юм. Хэрэв тэгээд тэд ямар ч асуудалгүй хуурай сүүг устай хольж сүү хийдэг нь тогтоогдсон юм бол тэгж өөрийнхөө компанийн нэр усыг сугалж авах ямар шаардлага байна вэ?

Түүнчлэн дэлхийн улс орнууд тус компанийн үйлдвэрлэсэн зөвхөн шар сүүний уургийн хатаамлыг бус хуурай сүү болон  түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг импортлохын эсрэг байгаа гэдгийг эхэнд хэлсэн шүү дээ. Клостридум ботилинум хэмээх нян “Фонтерра” үйлдвэрийн хуурай сүүнээс ч илэрсэн тухай Шри-Ланк улсын холбогдох байгууллагуудаас нь мэдээлсэн байгаа. Гэтэл “Фонтера” компанийн зүгээс тус улсын лабораторийн шинжилгээний хариу алдаатай гарсан гэх тайлбарыг хийсэн байгаа. Тэгсэн ч Шри-Ланк улс “Фонтерра”-аас татгалзсан хэвээрээ л байгаа шүү дээ.

Харин Монгол улсын Мэргэжлийн хяналтын лаборатори “Фонтерра”-гийн бүтээгдхүүнийг ямар ч асуудалгүй гэдгийг эргэлзээгүй баталж чадав уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдэж байгааг зориуд тодотгомоор байна.

“Фонтерра” компанийн тухайд улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж ирсний хувьд нэр хүнд нь дэлхий дахинд унах нь таагүй явдал юм. Тиймээс ч бүтээгдхүүн нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд байгаа тухай анхны таамгийг   өнгөрөгч гуравдугаар сард гаргасан хэрнээ албан ёсоор тогтоосон тестийн хариуны талаарх мэдээллийг  дөрвөн сарын дараа буюу 7-р сарын 31-нд гаргасан. Энэ хооронд дэлхийн хэчнээн улс орны хэчнээн хүнд энэ компанийн хортой бүтээгдхүүн хүрснийг тогтооход бэрх. Их бага ямар нэг хэмжээгээр хүмүүсийн эрүүл мэндэд хор хохирол учруулсан байхыг үгүйсгэх аргагүй байгааг ч олон улсын хэвлэлүүд бичсээр байна. Шинэ Зеланд  улсын Ерөнхий сайд Жон Ки хэвлэл мэдээллийнхэнд энэ талаар ярихдаа “Фонтерра” компани өөрийн бүтээгдхүүндээ хортой нян агуулагдаж байгааг тавдугаар сард мэдэж байсан хэмээн өгүүлсэн байгаа юм.

Мөн тэрээр Хятадын “Wahaha” сүлжээ болон “Соса Соla” компанийн борлуулдаг  болон сүүний нунтаг нь аюулгүй гэх зүйлийг хэлсэн ч, бодит байдал дээр аюултай гэдэг нь нууц биш болжээ. Ямартаа л Монгол Улсын МХЕГ-аас өгч буй мэдээллээр тус компанийн үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл БНХАУ-ын Dumex хүүхдийн тэжээлийн үйлдвэр, Hangzhou Wahaha, Frances Danone болон Coca-Cola-ийн салбар үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ганзгаар импортлогдон худалдаалагдаж байж болзошгүй тул ийм төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаяг шошгыг сайн шалгаж байх сэрэмжлүүлэг, анхааруулгыг орон нутгийн хэрэглэгчдэд өгч ажиллах талаар албан тоотуудыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газруудад хүргүүлсэн байж байна. Тэгэхээр Шинэ Зеландын Ерөнхий сайдын үгэнд шууд итгэж болохгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын шинжээчид уг нь мэдээд байгаа гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Мөн Шинэ Зеландын Фонтерра компаниас шар сүү импортолж хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэсэн байж болох 4 аж ахуй нэгжийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж байсан тул дээрх аж ахуй нэгжүүдийн талаар  мэдээлэл авахаар  Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт албан тоот хүргүүлээд байгаа гэсэн. Харин албан ёсны хариуг одоог хүртэл аваагүй байгаа юм билээ.

Тэгэхээр энэ асуудал нь зайлшгүй анхаарч, сэрэмжтэй хандах ёстой асуудал гэдгийг зориуд хэлмээр байна. 50 сая толгой малтай монголчууд импортын хуурай сүүгээр үйлдвэрлэсэн  “Монгол сүү” ууж, хулхидуулаад олон жилийн нүүрийг үзэж байгаа. Гэтэл нөгөөх сүүг бүтээгч хуурай сүү нь  үхлийн нян тээгчээр  баяжигдсан байхыг үнэхээр үгүйсгэх аргагүй байна.

Үндэсний тодотголтой том компаниудын бизнесийн эрх ашгаас эрдэнэт хүмүүсийн амь нас илүү үнэтэй тул энэхүү асуудлыг анхааралдаа авах нь зөв гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний сүү үйлдвэрлэгч компаниуд үхлийн нян тээгчээр Монголчуудаа  угжаад байгаа юм биш биз! гэж араас нь тандахаас өөр аргагүй байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4wg(203.194.115.34) 2025 оны 03 сарын 13

mal aj ahuin oron baitlaa suugee gadnaas avna gedeg bol shivshig

1  |  0
НОРЖМАА(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Top