“Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудалд эхлэх гэж байна. Тус хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрчим хүчний яамнаас Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /IRENA/-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн уг арга хэмжээг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Азийн хөгжлийн банктай хамтран жил болгон зохион байгуулж байхаар төлөвлөөд байна. Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн III ассамблейд оролцох үеэр хамт ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу дээрх хэлэлцүүлгийг Монголд зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, IRENA-гийн Газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм. Хэлэлцүүлгийн дараа буюу есдүгээр сарын 5-нд “Туушин” зочид буудалд “Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форумыг зохион байгуулах аж. Форумд Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэмтэд оролцож, үндэсний сэргээгдэх эрчим хүчний цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөө, тулгарч буй бэрхшээлийг хамтран ярилцах юм.

Сэтгэгдэл ( 0 )