“Эрдэнэс МГЛ” ямар аргаар мөнгө олох нь сангийн яамныханд хамаагүй гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

"Хүний хөгжил сан"-гаас олгох хувь хишгийн санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урьдчилгаа төлбөрөөс 338.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүргийг "Эрдэнэс МГЛ" компанид Засгийн газраас өнгөрсөн жил даалгасан. Үлдсэнийг нь ашигт малтмалын нөөцийн төлбөр болон ноогдол ашгаас 309.2 тэрбум, "Оюутолгой"-гоос 13.2 тэрбум, өнгөрсөн оны төсвийн үлдэгдлээс 33 тэрбум төгрөг гаргаж бүрдүүлэхээр болсон юм.

Харин Засгийн газрын тооцоолж байсан шиг "Эрдэнэс Тавантолгой"-н асуудлыг хурдан шийдэж чадаагүй байна. Урьдчилгаа төлбөр авах нь бүү хэл стратегийн хөрөнгө оруулагчдаа ч сонгоогүй
байгаа. Тиймээс "Хүний хөгжил сан"-д "Эрдэнэс МГЛ" компани ямар аргаар мөнгө олж, төвлөрүүлж байна вэ гэсэн асуулт иргэдийн дунд гарч байгаа юм.

Энэ талаар "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс мэдээлэл авах гэсэн боловч ажилтнууд нь "Б.Энэбиш дарга байхгүй байгаа" гэдэг хариулт өгч байсан. Харин Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат ийнхүү ярьсан юм.

-"Хүний хөгжил сан"-гийн мөнгөний бараг тал хувийг "Эрдэнэс МГЛ" компаниас гаргуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Одоогоор тус компаниас "Хүний хөгжил сан"-д хэдэн төгрөг төвлөрүүлээд байна вэ?
-"Хүний хөгжил сан"-гийн төсвийн 338 тэрбум төгрөгийг "Эрдэнэс МГЛ" компаниас татан төвлөрүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Үүний дагуу тус компаниас одоогийн байдлаар 25 тэрбум төгрөг "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлээд байна.

-"Эрдэнэс МГЛ" компанийн үйл ажиллагаа эхлээгүй байхад төсөв бүрдүүлэх санхүүгийн чадавхи бий гэж үү?
-Засгийн газрын үүрэг болгосны дагуу л "Хүний хөгжил сан"-гийн төсвийг бүрдүүлж байна. Түүнээс биш "Эрдэнэс МГЛ" компани үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа эсэх нь бидэнд хамаагүй зүйл.

Сангийн яамнаас дээрх хариултыг өгсөн юм. Харин одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г хийх банкуудыг л тодруулсан байгаа. Цаана нь хийх ёстой олон ажил бий. Учир нь "Эрдэнэс Тавантолгой"-н IPO хийх гол зохион байгуулагчаар ажиллах эрх авсан "Германы Дойче", АНУ-ын "Голдман Сакс" банк дээр нэмээд хувьцааны борлуулалтад оролцож, зуучлах үүрэгтэйгээр сонгосон Францын "Би Эн Пи Париба" банк, Австралийн "Маквэари" банкын аль нэгэнд нь "голлон тоглогч"-ийн үүрэг өгнө.

Харин Тавантолгойн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулахын тулд урьдчилгаа төлбөр төлөх ёстой стратегийн хөрөнгө оруулагчдын сураг одоо болтол таг чиг хэвээр л байна. Иймд "Эрдэнэс МГЛ" компани 25 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс олж, "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлснийг оньсого, таавар болгон үлдээхээр шийдсэн бололтой.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top