Урт гартнууд эмнэлэгт “тухалж”, хурим найр хэсч явна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Дэл сул эд зүйлийг авах нь байтугай дэргэдэх хүнийхээ өвөр түрийг ухаад амжчихдаг урт гартнуудын ов мэх, хумслах арга өдөр ирэх бүрт улам нарийсах болж. Хулгайч гэхээр л халтар хувцастай, нүдэнд хүйтэн царайтай нэгэн байдаг мэтээр төсөөлөх нь одоо цагт хамгийн том эндүүрэл гэсэн үг. Харин ч бүр хэн хүний сэтгэлд аятайхан сэтгэгдэл төрүүлэм царайлаг, дэгжин залуус урт гарлаж, бусармаг аргаар амьдралаа залгуулж яваа нь нууц биш ээ. Загвар сайтай хувцсаар гоёж, үнэтэй сүрчиг ханхлуулан, сүүлийн үеийн чамин гар утас барьсан “ганган нөхөд” ихэвчлэн томоохон дэлгүүр, нийтийн унаа, үзвэр үйлчилгээний газруудыг сонгож, хулгай хийдэг болох нь нэгэнт нотлогдсон зүйл. Хамгийн наад захын жишээ нь, том оврын автобус. Үнэндээ хөөрхөн охинтой зэрэгцэж зогсохдоо халаасаа тэмтрүүлж, хамаг байдгаа алдаж байгаагаа мэдэлгүй хохирч хоцорсон залуус ч зөндөө бий. Энэ мэтээр бусдын салан задгай байдал, анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан халаас, цүнхийг нь хоосолж буй хулгайчид сүүлийн үед эмнэлгийг зорих болсон гэнэ.

Албаны хүний мэдээлснээс үзвэл, урт гартнууд манайдаа л  томоохонд тооцогддог улсын болон хувийн эмнэлэгт “ажиллаж”, нэлээд балаг тарих болсоор багагүй хугацааг үдэж байгаа аж. Гэрийн халаад, шаахай өмсч зүсээ хувилгасан тэд өглөө эрт эмнэлгийн хүлээн авах өрөө болон эргэлтийн хаалгаар ороход хэн ч хулгайч гэж харддаггүй аж. Өвчтөн ч юм уу аль эсвэл тус эмнэлэгт хэн нэгнийг эргэхээр ирж буй хүмүүсийн нэг гэж андуурдаг учраас тэр байх л даа. Тиймдээ ч үзлэг оношилгоо, эмчилгээний цагаар тухайн эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн өрөөгөөр зочилж, тухтай нь аргагүй ажлаа амжуулдаг гэнэ. Тэдний хувьд, эмнэлгийн төлбөртэй өрөөнөөс бусад газрын үүд зуун хувь нээлттэй гэсэн үг. Үнэтэй эм тарианаас эхлээд л өвчтөнүүдийн дэл сул эд зүйлийг хамж аваад арилдаг хулгайч нарт голох юм гэж даанч алга аа. Хаана ч явсан бай, хамаагүй. Алчуур, цүнх гээд л өнгөтэй өөдтэй харагдсан бүхнээ хумсалж явдаг урт гартнуудын зарим нь гар утас, зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч зэргийг илүүд үздэг гэж байгаа. Тэдний арга тун ч энгийн. Өрөөндөө ганцаараа сууж байгаа өвчтөнд “Таныг эмч дуудаж байна. Эм тариагаа хийлгэ гэнэ ээ” гэх мэт үнэмшилтэй нь аргагүй зар тарааж, бусдын өрөөг эзгүйчилдэг болжээ. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн хувьд, хувцас гутал зэрэг элдэв төрлийн зүйл авч орох нь хориотой байдаг хойно. Гар утас, зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч, түрийвчтэй мөнгөө хадгалах газар нь ч ховор. Ихэвчлэн хоолны шүүгээнд хийх юмуу дэр, гудасныхаа дор нуудаг учраас хулгайч нарт энэ бүхнийг олж авахад зүдрэх асуудал даанч гарахгүй. Иймэрхүү байдлаар эд зүйлээ алдаж хохирсон хүмүүсийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, багагүй хүрээнд хяналт тавин ажиллаж эхэлсэн гэж байгаа.

Тэгвэл хэсэг бүлгээрээ ажилладаг урт гартнууд хурим хэсч, эгээ л зочин аятай аашилдаг дүр зураг нэлээдгүй харагдах болж. Хурим найранд уригдсан зочдоос урилгаа үзүүлэхийг шаардаж, ширээ сандлыг нь зааж өгөх байдал тийм ч түгээмэл биш учраас даварсан хулгайч нарт хэсүүчлэх боломж нээлттэй гэсэн үг. Нэгэн танил маань охиныхоо хуримыг томоохон зочид буудалд хийж байхдаа энэ мэт урилгагүй зочдыг дайлж цайлан, бүр үнэтэй бэлэг сэлтээ “өгөөд” туучихсан хачирхалтай хэрэг гарсан. Хүргэний талын улс байх хэмээн итгэж, нэр усыг нь ч тодорхой асууж зүрхлээгүй тэрбээр хундага тулган ерөөлийн үгс харамгүй хайрласан эр, эм хоёрыг хулгайч гэж ёстой санаагүй биз. Цаадуул нь баахан найрлаж аваад олны хөл хөдөлгөөний далимдуулан аль өнгөтэй өөдтэй гэсэн бэлэгнүүдийг хамж одсон гэдэг.

Түүний дараахан “Улаанбаатар” зочид буудлын ресторанд болсон нэгэн хуриманд мөн л урилгагүй зочилсон хоёр хулгайчийг барьж саатуулсан байдаг. Яг ямар зорилгоор огт танихгүй хүний хуриманд зочин аятай сууж байгаагаа умартсан тэд хэтэрхий дүрдээ итгэсэн бололтой. Сэтгэл нь хөдлөөд хулгайлсан бэлэгнүүдээ тэвэрсэн чигтээ тасарч унасан аж. Хэрэг явдлыг гадарласан зохион байгуулагчид цагдаа дуудан тэднийг зохих газарт нь хүргүүлэх гэтэл нөхөр нь хивс тэвэрчихээд салахгүй. Эхнэр нь хажуудаа суусан бүсгүйн цүнхийг сугандаа хавчуулаад хөдлөхгүй байсан гэдэг.

Иймэрхүү маягаар нийслэлээр нэг хэрэн тэнэсэн хулгайч нарын сүлжээ хэтэрхий газар аваад байх шиг. Нийтийн тээвэр, цайны газар, эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний байгууллага гээд л хаашаа л харна, хулгайч нараас сэрэмжлүүлэх бичиг хадаастай. Цай уух гэж зоогийн газарт ороод сандлынхаа түшлэг дээр тавьсан гадуур хувцсаа алдах, автобусанд суугаад цүнхээ зүсүүлэх, эмчид үзүүлэхдээ гар утсаа суйлуулах гэх мэт хулгайчид эд зүйлээ алдсан олон жишээ бидний амьдралд бий. Хаана ч явсан, хулгайч нартай таарах хэцүүхэн цагт амьдарч буй учраас анхаарал болгоомжтой байхад хэзээ ч илүүдэхгүй биз ээ. Үүгээр ч зогсохгүй, нийтийн тээвэр болоод үйлчилгээний байгууллага бүрт  “Анхаар, эд зүйлээ хулгайчид алдахаас болгоомжлоорой” гэсэн бичиг хадаастай байх болж. Энэ бүхнийг анзаарсан гадаадын жуулчид “Танайх тийм их хулгайчтай газар уу” гэж ирээд л бараг хардах янзтай хавчигнаж суух нь санаа зовмоор. Герман, Франц зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүртэл Ази царайтай хүн харагдвал “хулгайч” хэмээн сэжиглэдэг гэж байгаа. Ийн олон улсад танигдах болтлоо “алдаршсан” хулгайч нарыг хэдийд цэгцлэх юм бол доо. Хэрэг зөрчлөөс сэргийлж, далд буй бүхнийг олж илрүүлэх үүрэгтэй цагдаа нар нь хүртэл тэдэнд даалгавар өгч ажиллуулдаг гэхээр одоо яалтай ч билээ. Цагдаа, худалдагч, кассчин зэрэг нөхдөөр ахлуулсан мафи маягийн хулгайч нарын сүлжээ хүртэл бий болсныг албаны хүмүүс мэдээлж эхэлсэн. Бүр хөгшин залуу гэлтгүй, гэр бүлээрээ хулгай хийж буй бичлэгийг дурын нэг сайтаас олоод үзчих байх шүү. Тэгэхээр одоо бид хэн нэгэнд бус өөртөө л найдаж явахаас өөр арга алга. Ёстой л өнөө, суганыхаа булчирхайг цочтол цүнхээ хавчаад халаасаа дарж явахгүй бол хэцүүдлээ гэсэн үг. Энэ бүхний эцэст “Анхаар, хажууд чинь хулгайч” гэж хэлэх л үлдээд байх шиг...

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top