“Масктай Матар” цуврал Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатартай холбоотой асуудал дагуулсан, анхаарал татсан мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа. Засгийн ивээл дор хууль бусаар тендер авч, төрд чанаргүй машинууд шахсан, татвараас чөлөөлөгдсөн гэхчлэн асуудлуудынх нь талаар өмнөх цувралд өгүүлсэн. Тэгвэл энэ удаа “Саусгоби сэндс” компанитай холбоотой их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэгтэй Б.Чулуунбаатар эрхэм яагаад холбогддог талаар өгүүлье. Тус компанийн тухайд манайд 4.3 тэрбум ам.доллар угаасан гэх мэдээллийг шалгаж нягталж байгаа байгууллагуудын зүгээс өгч байсан. Эхэндээ бол Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг АТГ шалгаж байсан бол шалгалтын явцад “Саусгоби сэндс” компанитай ихээхэн сүжирч ирсэн нь тогтоогдсон гэж хэлдэг.
Сонирхолтой нь алдарт “Айвенхоу Майнз”-ын Фрийдландын компани болох “Саусгоби сэндс”-ын шугамаар Монголд орж ирсэн их хэмжээний мөнгө Монголын нөлөө бүхий улстөрч, бизнесмэний дансаар ороод гарсан нь тогтоогдсон гэх мэдээллийг АТГ-ын нэр бүхий эрхэм гадагшуулсан байдаг. Харин тэр нөлөө бүхий гээд байгаа эрхмүүдийн нэг нь Моннис группын Б.Чулуунбаатар гэгддэг. Түүний дансаар бохир мөнгө ороод гарсныг АТГ тогтоосон талаар эх сурвалжийн өгүүлснийг хэвлэл ч онцолж байсан билээ. Тэгээд ч зогсохгүй АТГ түүнд холбогдох хэргийг шалгах явцад их хэмжээний татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжиг илэрсэн тул мөнгө угааснаас гадна их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт давхар шалгаж эхэлсэн гэх албан ёсны мэдээлэл байсан. АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Амарбат ч "Моннис" группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар шалгагдаж байгаа нь үнэн” гэж баталж байсан юм.
Харин энэ эрхэм өөрт нь холбогдоод байгаа хэрэгтэй холбоотойгоор ширхэг ч үг амнаасаа унагахгүй өнөөдрийг хүрэв. Ядаж л “би буруугүй” гээд албан ёсоор мэдэгдчихэж чадахгүй байгаа юм. АТГ-ын зүгээс Саусгоби Сэндс компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгачихаад нутаг буцаасан. Тэгээд Саусгоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг монголоос гарахыг хориглосон. Энэ нь мөнгө угаасан хэрэгт гадны талаас хариуцлага үүрэх учиртай субьектийг олжээ гэсэн агуулгатайгаар хэвлэлийнхэнд хүрсэн. Нөгөө талаас Б.Чулуунбаатар болоод Саусгоби Сэндсийн удирдлагуудын эртнээс улбаатай сайхан түншлэл мөнгө угаасан хэрэг дээр ч улам зузаарсан байх магадлал өндөр байгаа талаар яригдаж ирсэн юм.
Бид өмнөх цувралдаа Б.Чулуунбаатар болоод Саус Гоби Сэндсийн удирдлагуудын түншлэлийн талаар өгүүлснийг уншигчид маань санаж буй биз. Тэгэхээр дахин нурших нь илүүц гэж үзлээ. Харин Б.Чулуунбаатар болоод “Саусгоби Сэндс”-ийн цаад эзэн явж ирсэн Р.Фрийдланд нарын хэлхээ холбооны тухайд өгүүлэхийн тулд түүнийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ихээхэн ойр явж ирсэн гэдгийг нь харах хэрэгтэй болдог. Улаанбаатар хотын газрын наймааны жинхэнэ хянагч, борлуулагч нь байсан гэгдэх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр томоохон барилгууд барих гэж байгаа компаниудын эздээс мөнгө салгадаг байсан жишгээрээ Моннис компанийн өндөр цамхагийг босгоход ч мөнгө авсан гэгддэг бөгөөд цаашлаад тэд хамтрагчид болсон талаар мэдээллүүд байдаг юм.
Ямартаа л “...Фрийдланд, Энхбаяр хоёр хэтэрхий биенээсээ хамааралтай болсон учир хагацах арга байхгүй. Аль аль нь биенийхээ барьцаанд байгаа. Саусгоби хэмээх Фрийдландын компани эзэмшиж байгаа нүүрсний ордыг тэрээр Энхбаярын далд оролцоотойгоор авч, 400 сая тоннын нөөцтэй энэ ордыг бирж дээр гарган 2 тэрбум доллар босгосон байна. Энэ мөнгөөр авах тоног төхөөрөмжийн тендерт Чулуунбаатарын хүсэлтээр мөнөөх Либхер компанийг ялуулж шанд нь 4 сая доллар авсан. Чулуунбаатарын хүсэлтийг Энхбаяр утсаар тулгаж шанд нь сонирхож буй нэлээд лицензийг өгөхөөр болжээ. Фрийдланд одоо ч Монголд 40 орчим лиценз эзэмшиж буйн бараг ихэнх нь зөвхөн Энхбаярын оролцоо юм. Саусгоби нь бирж дээр гарсан олон нийтийн компани учир тендер зэрэг нь нарийн хяналттай ил тод байх ёстой. Энхбаяр унавал Фрийдланд унана, Фрийдланд унавал Энхбаяр унана...” хэмээх мөрүүд хэвлэлийн хуудаснаа гарч байхав.
Тэгэхээр Монгол Улсын хууль журмыг талхилж, их хэмжээний мөнгө угаахад хамжсан, татвараас зугтсан гэх хэд хэдэн асуудалд нэр холбогдоод байгаа Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар үнэхээр хийтэй хүн үү, эсвэл энхийн цагаан тагтаа юу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох ёстой гэдгийг хэлэх байна.
“Масктай Матар” цуврал үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )