Үзэгчдээ уйлуулж, ухааруулсан “Х-Түц” продакшны уран бүтээлчид “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ ихэд амжилт олсон. Соёлын төв өргөөний тайзнаа сар шахам хугацаанд тоглосон энэхүү жүжгийг нь үзэж амжаагүй хүмүүс дахин тоглох эсэхийг нь асуугаад тайван суулгахаа больсон сурагтай. Тиймээс тус продакшныхан багахан хугацааны амралт авсны дараа “Сэрүүн хасын нууц”-аа үргэлжлүүлэн тоглож магадгүй гэнэ.
Хэрэв уг жүжгээ тоглохоор болбол Монголын хүүхдийн ордны тайзнаа амилуулах юм байх. Учир нь, нэлээдгүй хугацаагаар түрээсэлсэн Соёлын төв өргөөний тайзнаа өөр уран бүтээлчдийн тоглолт болох тул ийнхүү дээрхи газрыг сонгохоор ярилцаж байгаа гэнэ шүү.
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн бүтээлээс сэдэвлэсэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг зарим хүмүүс арав гаруй жилийн өмнө МҮОНТ-ээр гарч байсан “Шүйхэ хатны нууц” киногоор нь мэдэх биз ээ. Эх үрийн хагацал, хайрын шаналан, хардах сэтгэлийн өнгийг тун сонирхолтойгоор өгүүлсэн “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг ийнхүү дахин тайзнаа амилах магадлал өндөр байна.
Дашрамд дуулгахад, Соёлын төв өргөөнд тоглосон хаалтын тоглолтыг Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үзэж сонирхсон бөгөөд гол дүрийн уран бүтээлчидтэй хамт зургаа татуулжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )