Тамхины хайрцаг дээр тамхины хор хөнөөлийг харуулсан зураг байршуулдаг болсноос хойш тамхи татдаг иргэдийн тоо 12-15 хувь буурсан мэдээлэл байдаг. Үүнтэй холбогдуулан согууруулах ундааны шошгон дээр хор хөнөөлийг таниулсан зураг, сэрэмжлүүлэг байршуулахыг «Энхтайван ирээдүйн хөгжил» ТББ, Архи мансуурлын эсрэг үндэсний ассоциаци болон «Гээкс тайм» байгууллагаас уриаллаа.
Манай улсын архины хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж жилд нэг хүнд 42 литр архи ноогдож байгаа. Аливаа улс орны хувьд нэг хүнд 8-9 литр архи ногдож байвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж үздэг бол манай улсын хувьд энэ хэмжээ хэдийнэ тав дахин нэмэгджээ.
Архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн дундах архитай холбоотой суурь өвчлөл, нас баралтын түвшин жилээс жилд өсч, архитай холбоотой гэмт хэргийн гаралт нийт гэмт хэргийн 22-27 хувийг эзэлж байна. Тиймээс «Архи битгий уу» гэхээсээ илүү архины хэрэглээг бууруулах дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг «Энхтайван ирээдүйн хөгжил» ТББ-ын тэргүүн Г.Мөнхбаяр хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )