Хайр, хардалт, хуурамчхан алдрын төлөөх тэмцэл буюу “Сэрүүн хасын нууц”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Ширүүн харц, хатуу үгээр гомдоож үзэлгүй хайрлаж өсгөсөн ганц охин нь өмссөн хувцаснаасаа өөр юмгүй шахам ядуу эртэй дотно холбоотой болсныг мэдээд ван галзуурах шахна. Ядаж байхад түүнийг яг нэг жилийн дараа баян айлын хүүтэй гэрлүүлэхээр сүй тавьчихсан байдаг. Юутай ч, ядуу эрийг ээжтэй нь хамт ордноос хөөх шийдвэр гаргая гэтэл охин нь түүний хүүхдийг тээж байгаагаа дуулгаж даарин дээр давс нэмэх нь тэр. Вантан удаан бодож төвдсөнгүй. Шивэгчин эмэгтэйг ордноос хөөгөөд хүүг нь цөллөгт явуулахаар болсон төдийгүй охиндоо тан өгч, хорвоод мэндлэх ёсгүй тэр хүүхдийг устгах шийд гаргалаа. Гэвч залуу бүсгүй амьдын хагацалд унаснаар барахгүй хэвлий дэх үрийг нь устгах аюул ирснийг мэдээд аав ээжийнхээ сэтгэлийг зөөллөх арга хэрэглэнэ. Ийнхүү энэ гэрт өрнөсөн хэрүүл маргаан хэсэгтээ намжиж, Шүйхэ бүсгүй нэг жилийн хугацаанд гэрээсээ гарах ч эрхгүй байсаар охиноо төрүүлэв. Харамсалтай нь, өлгийтэй үрийнхээ царайг хальт харсан залуу эх хүү, охин алин болохыг ч мэдэх эрхгүй хоцорсон бөгөөд хөөрхий түүнийг нь хөнөөхөөр авч одоход л амьдралыг нь гэрэлтүүлэх юу ч үгүй болсныг мэдэрнэ...

Хурим найр өндөрлөж, ёсолж авсан нөхөр нь Шүйхэ бүсгүйг дагуулан сэрүүн асарт мориллоо. Царайлаг, залуухан бүсгүйд унаж тусатлаа дурласан эр бушуухан шиг өөрийн болгохыг хүсэвч Шүйхэ цааргалсаар. Эцэст нь тэрбээр ээжийнхээ бэлдэж өгсөн нууц аргыг задалж, энэ бие нь хэдийнэ өөр хүнийх болсон гэдгийг дуулгаснаар хэрэг явдал эсрэгээр эргэнэ. Амраг эр, алаг үрээсээ хагацсан бүсгүйд цаашид хэн нэгний сэтгэлийг хуураад ч болов, амьдрах итгэл байсангүй. Тиймээс эртний нууцлаг арга хэрэглэн, анхны шөнийг ямар ч асуудалгүй мэт өнгөрүүлэх боломж байсан ч тэрбээр өөрт нь юугаа ч зориулахад бэлэн байгаа залуу эрийг өрөвдсөндөө үнэнийг илчилсэн нь энэ. Ийнхүү хууртагдаж мэхлэгдсэн нөхөр, хатуу ёсонд хүлэгдсэн хахир хадам, хов хэлхсэн шивэгчний харцан дор Шүйхэ бүсгүйн шинэ амьдрал эхэлнэ. Ичгүүртэй буцсан эцэг эх нь түүнд юугаар ч тусалж чадахгүй нь ойлгомжтой. Нэр хүндээ бодсондоо шившигт байдлаар босгыг нь давсан бэрийг буцааж эс зүрхэлсэн хадам эх нь түүний нөхөр болох Жиган гурван бага хатан, таван татвар эм авах эрхтэй. Мөн энэ өдрөөс хойш бэрийн нэр хүнд гэх юу ч үгүй түүнд энэ айлын босгоны шороог арчиж амьдрах “боломж” олгосноо дуулгана.

...Жихүүн хяруунаа батцагааны навч улайж

Жиндүү цаснаа тэргүүлэгч цэцэгсийн үнэр анхилуун

Цасан дундах цагаан хас чи минь

Цагийн жаврыг ажралгүй намайгаа хүлээгээрэй... хэмээсэн хайрт Ямондоо үнэнч байж, эцэг эхийнхээ ятгалгаар энэ айлд бэр орсноо хүлээн зөвшөөрсөн Шүйхэ бүсгүй чигчий хуруугаа таслан цусан тангараг өргөнө. 

Зовлон шаналал, гутамшиг доромжлолын дунд өнгөрүүлсэн есөн жилийг Шүйхэ амьд, үхсэн алин болохыг ч мэдэлгүй өнгөрүүлнэ. Энэ хугацаанд Жиган бага хатан таалж, хүүтэй болсон ч Шүйхэ түүний хатуу үгэнд зүрхээ эмтлэн, гарын шүүс болж амьдарсан хэвээр байлаа. Харин энэ хойгуур холын нутагт цөлөгдсөн хайрт Ямон нь буцаж ирсэн бөгөөд нэрээ өөрчлөн, үнэт чулууны худалдаачны дүрээр Сэрүүн хасын ордонд тухлав.  Тэрбээр үхэл амьдралын заагт амь тэмцэн явахад нь аварч тусалсан ачит нэгний өргөмөл хүү болсон бөгөөд ийнхүү урьдын алдсан бүхнээ эргүүлэн авахаар ирж. Гэвч вантан түүнд “Шүйхэ аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлтэй болсон тул амьдралыг нь бусниулах хэрэггүй” хэмээн зөвлөх бөгөөд Ямон ч бяцхан охиныхоо сургийг гаргаж амжина. Өөдөсхөн охины инээмсэглэх төрхийг хараад Шүйхэ бүсгүйн ээж хөнөөж зүрхэлсэнгүй, Ямоны ээжид өгч явуулсан гэдгээ хэлжээ. Ээж нь түүнийг хайж олон жил бэдэрсэн ч эрэл мухардсан тул есөн настай ач охиноо дагуулан буцаж ирснийг хэн ч үл мэднэ. Золгүй тавилангийн золиос болсон Шүйдэн охин энэ үед бие муутай эмээгээ асран буурчийн газарт хоноглож, наашаа гэх хэн бүхнийг царайчлан гүйж байлаа.

Хүүгээс нь үлдсэн ганц охиныг өөрөөсөө дутуугүй хайрлаж өсгөсөн Жу овогтийн бие өдрөөс өдөрт доройтох тул Шүйдэнд захиас үгээ хэлж, Луо овогтийн гэрт шивэгчнээр зарна. Энэ нь цаагуураа бол, тус айлын их авхай Шүйхэ буюу Шүйдэний ээжид түүнийг ойртуулах гэсэн санаа. Хөөрхий ядарсан эмгэнд өөр хүсэх зүйл байсангүй, өнчин охиноо орхиод хорвоогоос халив. Ганцаардаж шаналсан Шүйхэ бүсгүй балчир охиныг хайрлан асарч, санаа тавих нь Луо овогт эзэгтэйн дургүйг улам ихээр хүргэх бөгөөд боломж гарвал хүү Жигандаа хов хүргэнэ. Ийн байтал Шүйхэгийн үнэнч туслах нь Ямоны захидлыг авчирснаар хий хоосон ертөнцөд үхсэн мэт амьдарч байсан бүсгүйн сэтгэлд дахин нар мандлаа. Хосууд уулзаж охиныхоо сургийг гаргахаар хэрэндээ хичээх боловч хартай Жиганы мөрдөж мөшгихөөс болоод зоригтой алхам хийж эс зүрхэлнэ. Гэтэл үнэндээ хайр дурлалынх нь үргэлжлэл болсон хөөрхөн охин нь Шүйхэгийн дэргэд байгаа шүү дээ.

Байдал энэ мэтээр үргэлжилсээр хөөрхий Жу овогтийн төрсөн өдөр тохиож, бяцхан Шүйдэн эмээгийнхээ шарил дээр очиж залбирахын тулд нууцаар гарч явсан нь Шүйхэ, Ямон хоёрт үнэнийг мэдрүүлдэг. Ямон ч тэр даруй Шүйхэгийн эцэг эх дээр очиж учир байдлыг хэлснээр вантан Луо овогтийнд зочилно. Мэдээж хэрэг, өөр эртэй холбогдож явсан охиныхоо өмнөөс ичгүүртэй байдалд орсон вантан одоо ямар охиныг нь авья гээд оролтой биш. Тэртээ тэргүй утга учраа алдсан энэ амьдралыг нь цэглэж Шүйхэг Жиганаас салгая хэмээн хэлснээр бөөн хэрүүл мандах нь тэр. Хадам эх зөвшөөрсөн бол, Жиган сэтгэлийн мухартаа Шүйхэг ямар их хайрладаг болохоо мэдэрсэн тул гэрлэлтээ цуцлуулахаас татгалзана. Тэрбээр өнгөрсөн бүхнийг мартаж, Шүйхэг жинхэнэ утгаар нь хайрлаж халамжлахаа амласан учраас вантан түүний хүсэлтийг ёсоор болгож, нутаг буцахаар шийдэж Шүйдэнийг авч явахыг хүснэ. Хартай хүүгийнхээ хачин шийдвэрт дургүйлхэж суусан Луо овогт эзэгтэй чухам юуны учир Шүйхэ болон түүний гэрийнхэн Шүйдэнд санаа тавиад байгааг судалж эхэллээ. Улмаар бэрийнхээ нүдэн дээр Шүйдэнийг зодож, үсний хатгуураар хөнөөхийг завдах тэр агшинд Шүйхэ “Миний охиныг битгий зовоо” хэмээн хашгирлаа.

Нэгэнт бүх зүйл ил тодорхой болсон тул хоёр гэрийнхэн асуудалд шууд утгаар нь хандахыг хичээнэ. Жиганы хувьд Шүйхэг энэ гэрээс явуулахгүй гэсэн бодол нь хэвээр тул Шүйдэнийг хахир эхийнхээ шивэгчин болгож, өс хонзонгоо тайлна гэв. Шүйхэ ч эцсийн бүлэгт хайртай залуу, хөөрхөн охиныхоо төлөө ухаалаг шийдвэр гаргах нь дээр гэж үзээд Жиганы дэргэд үлдсэний хариуд Шүйдэнтэй эцсийн удаа хамт байхыг хүснэ. Энэ шөнө түүний хувьд энхрий бяцхан охиноо тэврэх эрхтэй ч ээж нь гэж хэлж чадалгүй үдсэн олон жилийн гуниг харууслаа Шүйдэнд зориулан оёсон хувцсандаа шингээх л үлджээ. Эх хүний хайр энхрийлэл, хагацал гунигийн нулимсаа нууж чадалгүй суусан Шүйхэгийн яриаг Шүйдэн сонссон даруйдаа “Ээж ээ, та миний ээж мөн байна шүү дээ. Яагаад надаас нуугаад байгаа юм бэ. Миний ээж үхээгүй, та мөн байна” хэмээн уйлан хайлан тэврэх мөч...

Эх үрийн холбоо, амьдын хагацлыг сануулсан үүрийн гэгээтэй уралдан Луо овогтийнхон эртлэн босчээ. Шүйхэгийн гэрийнхэнтэй хамт ирсэн Ямон охиноо аварсан ч, хайртай бүсгүйгээ энд үлдээхийг хүссэнгүй. Шүйдэн ч ээжийгээ хамт явахыг гуйж, Жиганы өмнө өвдөг сөхрөн уйлна. Энэ бүхний эцэст Жиган зэвсгийн хүчээр тэднийг явуулахыг хичээсэн нь байдлыг улам хурцатгаж, ширүүн тулаанд хүргэх бөгөөд Шүйхэ арга буюу шийд гаргаж “Хамаг хэргийн буруутан нь би. Ямонтой хайр сэтгэлийн холбоо тогтоож, Шүйдэн охиноо төрүүлсэн миний бие Луо овогтийн бэр болж, Жиган чиний өмнө их нүглийг үүрсэн нь үнэн билээ. Одоо эх үр, амраг хайрттайгаа цуг байх эрхгүй энэ их сэтгэлийн зовлонгоо өөрийн биеэр эдлэх цаг минь үүгээр дуусгавар болог” хэмээн амиа егүүтгэнэ.

Хөөрхий зовсон бүсгүйн амийг аврах гэж Жиганаас гадна Ямон болон Шүйдэн охин, түүнчлэн вантан хэчнээн их хичээсэн ч талаар болжээ. Шүйхэ бүсгүйн сүнс хайртай хүмүүсээ эргэн тойрч харуусал гуниг шингээсэн өнгөөр амьдралаа хүүрнэнэ. Ямон, Шүйдэн хоёрынхоо гарыг тэврээд уйлан хайлах Шүйхэ “Хайртай хүмүүсийнхээ гарыг атгаж суух хэчнээн сайхан бэ. Ийм л цаг мөчийг би хүлээж ирсэн шүү дээ. Одоо сэтгэл минь амарлаа. Надаас болж энэ их тэмцэлд хүрсэн болохоор та нар минь амгалан байг” гэхийг Ямон, Шүйдэн ч сэтгэлийн мухарт сонсоно. Вантан ихэд харуусч “Би охиноо алчихлаа” гэж хашгирч, дотор хүнтэйгээ тэмцэлдэх тэр агшинд үнэхээр хайртай хос, хонгорхон үрийг амьдын хагацалд унагасан тэр их гэм нүгэл хийгээд хуурамчхан нэр алдар, аминчхан үзлийн үр ашиг юунд байгааг ойлгосонгүй.

Хүмүүний амьдрал богинохон гэлцдэг, тэр хэрээр бие биеэ хайраар дутаахгүй байхсан гэж мэрийдэг. Гэвч үнэндээ бид хоосон ертөнцөд амьдарч, хэн нэгэнд таалагдах гэсэн хэтэрхий их хэлбэр хөөсөн урсгалд автаад байна уу гэлтэй. Хүний амьдрал гэгч хайр, итгэл дээр оршдог болов уу. Нүгэлт хорвоогийн нүцгэн үнэн зөвхөн энэ. Хоосон ирээд хоосон буцдаг энэ орчлонд ХҮН гэдэг сэтгэлийн амьтан бие биеэ хайраар дутаалгүй амьдрах нь хамгийн сайхан аз жаргал гэж ойлгоном. Өнгө мөнгө, нэр алдар, эд хөрөнгө, улиг болсон ёс, хуурамчхан байр сууринаас илүү элэг бүтэн амьдрал, энэ байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай явах юмсан...

Тийм ээ, уярал ухаарал дагуулсан “Сэрүүн хасын нууц” жүжгийн үйл явдлыг та бүхэндээ толилуулсан минь энэ. Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн бүтээлээс сэдэвлэсэн энэхүү жүжгийг “Х-Түц” продакшны уран бүтээлчид тайзнаа амилуулсан нь үнэхээр цаг үеэ олсон шийдэл байлаа. Хайрын үнэ цэнэ, гэр бүлийн утга учир, хүний амьдралын өнгө гэрэл гэгч чухам юу болохыг энэхүү жүжгээс үзэгчид мэдэрсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hand(112.72.12.52) 2025 оны 03 сарын 13

saihan jujig yum shig bnna uzej amjaagui ee gehdee ahin toglono gedegt itgej bna olon humuus amjij uzeh bhaaaa

1  |  0
xdfh(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

uneheer setgel gargaj hiisen gaihaltai goy jujig baina lee. taiz jujigchid ntr bol tasarhai

1  |  0
Top