Хөгжмийн зохиолч Б.Чинбат: Сайхан хурим хийнэ ээ, бид хоёр

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Монголын рок попын ертөнцөд “Emotion” нэрээрээ танил болсон “Sweetymotion” хамтлагийн амжилт, уран бүтээл Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, продюссер, дуучин Б.Чинбаттай салшгүй холбоотой. Дэлхийд гайхагдсан алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, эх орныхоо урлагийн ертөнцөд тамгалж чадсан авьяаслаг залуу маань “Давтагдашгүй”, “Эзлэн” нэртэй хоёр ч тоглолтоо хийсэн билээ.  Түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Нэлээд хэдэн цомгоо олны гарт хүргэсэн мөртлөө тоглолт хийлгүй удсан. Харин таны “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтууд үнэхээр олон хүний сэтгэлийн цангааг тайлсан гэж боддог?

-Уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. “Өглөгч хүн өөртөө хоосон” гэдэг дээ. Яахав ээ, рок попын урлагт бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулаад 20 гаруй жилийг үдсэн байна. Энэ хугацаанд уран бүтээлээ тасралтгүй хийж байсан болохоор үргэлж ямар нэгэн тоглолтод оролцдог байлаа. Харин одоо Чинбаагийн дотоод ертөнцийг мэдэрч, түүний хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялахыг хүссэн хэн бүхний сэтгэлийн цангаа тайлагдсан гэж бодож байна.

-Хэдхэн жилийн өмнө “Хөөрхөн жаалтай болмоор байна” гэж хэлж байсныг тань саналаа. Харин та одоо хөөрхөн охины аав болсон шүү дээ?

-Тийм ээ, сэтгэл дүүрэн их гоё байгаа. “Аав аа” гэж дуудуулна гэж бодохоор л хачин их догдолж, бас уярдаг юм. Охин маань надад жигтэйхэн сайн шүү. Би өглөө бүр гэрээсээ гарахдаа охинтойгоо ярьдаг. “Аав нь өнөөдөр ийм хүнтэй уулзана. Тийм ажил бүтээнэ. Миний охин ээжтэйгээ хамт сайн байж байгаарай” гээд л үнсэнэ дээ. Сарнай маань ээжийн үүргээ сайн биелүүлж байгаа. Уран бүтээлээс бусад үед охиныхоо дэргэд байхыг хичээдэг юм. Зав гарвал ханьдаа тусалж, охиноо хамт асардаг учраас санаа зовох зүйлгүй. Би охиндоо маш их хайртай. Олон жил хүсч мөрөөдөж явсан, амьдралын маань нэгэн гайхамшигтай үе ирж байна шүү дээ. Ямар ч байсан, эх орондоо ихийг хийж бүтээх сайн хүн болгож хүмүүжүүлнэ. Монголын маань үрс маш олон болох болтугай гэж ерөөе.

-Урлагийн гэр бүл гэдэг утгаараа, охиноо ч гэсэн энэ зам руу хөтөлж мэдэх юм. Энэ талаар бодож амжсан уу?

-Юмыг яаж мэдэх вэ. Ерөөлөөр болог, их сайхан үг байна. Тухайн үед охиныхоо  юу хүсч, мөрөөдөж байгааг ээж аав нь харгалзаж үзнэ. Гэхдээ ээж аав, эмээ өвөө нь гэр бүлээрээ урлагийн хүмүүс болохоор миний охин энэ замыг сонгохыг үгүйсгэх арга байхгүй. Ямар ч байсан, одооноос эхлэн охиндоо суурь хүмүүжил олгож байгаа. Бах, Бетховен, Моцарт зэрэг дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийг сонсгоод эхэлчихсэн. Охин маань хөгжим сонсох үнэхээр дуртай гэдэг нь илт анзаарагддаг. Толгойгоо дохиод л нүд нь сэргээд ирдэг юм.

-Ээж нь бүр хөл хүндтэй байхдаа дуулж байсан болохоор аргагүй биз. Тоглолт хийхэд нь санаа зовж байсан байх даа?

-Үнэхээр сандарсан шүү. “Number one” тоглолтын үеэр цагираг дээр суучихаад дээшээ ниссэн айхтар нөхөр шүү дээ, Сарнай.(инээв) Тэр үед дотор давчдаад их айж байсан. “Энэ чинь юу болж байна аа, одоо яах вэ” гээд л хөгжмөө тоглож байгаа мөртлөө дээшээ харж чадахгүй балмагдсан шүү. Гэхдээ уран бүтээлч хүн бүх зүрх сэтгэлээрээ үзэгчдэд хүрэх ёстой учраас бид тайзан дээр гараад хувийн асуудлаа марчихдаг. Сарнай бид хоёрт хүсч зорьсон бодол бий. “Зөв хүн байх юмсан” гэж хоёулаа хичээдэг. “Санаа зөв бол заяа сайн” гэдэгчлэн бүх зүйл маань бүтэмжтэй сайхан байгаад баяртай явдаг шүү.

-Арай дахиад Америкт амьдрах гээд явчих юм биш биз дээ?

-Америк явсан гол учрыг маань та бүхэн мэдэх байх. Америкт амьдрах хугацаандаа хэл сурч, хөгжмийн ертөнц болон соёлыг нь судлах зорилготой байсан. Үүний зэрэгцээ тодорхой хэмжээгээр уран бүтээлээ хийж, туршлага хуримтлуулж чадлаа. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласны хүчинд эх орондоо ирээд хийж бүтээх ажил ихтэй байна. Одоо бид Америк бус Монгол Улсынхаа хөгжмийн урлагийг өөд нь татах хэрэгтэй шүү дээ. Харь орноос сурч мэдсэн бүхнээ эх орондоо зориулах ёстой. Авьяас бол ард түмний өмч. Надад хэчнээн их авьяас байна, тэр бүхнийг ард түмэндээ зориулна. Хүн ер нь үхэн үхтэлээ суралцдаг гэж ярьдаг юм билээ. Тэр үнэн үг. Тодорхой хэмжээнд сурсан зүйлээ би хэрэгжүүлээд явж байгаа. Америк гэдэг чинь угаасаа хөгжмийн ертөнц. Тэнд олон үндэсний хөгжим, соёлын  бүх хэлбэр байдаг учраас яалт ч үгүй суралцах ёстой. Энэ мэтчилэн бүх уран бүтээлээ монголчууддаа зориулахаар шийдсэн. Залуу хүний сэтгэл байна, надад. Эх орноо хөгжүүлэхийн төлөө гар гараасаа барилцаад хамтдаа алхая, залуус аа.

-Хүүхдэд зориулсан уран бүтээл хийнэ гэж байсан. “Цагаан, хар, цагаан” цомгийнхоо хөгжийн найруулгыг өөрчлөх ажил тань юу болсон бэ?

-Энэ тухай хүсэлт надад маш  их ирдэг. “Энэ цомогт багтсан уран бүтээлүүдийн нотыг нь гаргаж өгөөч. Хүүхдүүддээ тоглуулмаар байна. Таны тэр “Мандухай”, “Гэгээн алсад одох юмсан”, “Ирмүүн” зэрэг бүтээлийг тоглуулах гэхээр нот байхгүй юм” гэж ярьдаг. Тиймээс энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй нь. “Цагаан, хар, цагаан” цомогт багтсан есөн хөгжмийн нот бүрэн хэмжээгээрээ гарна.      

-Үүнээс гадна, охиндоо зориулсан уран бүтээл гаргана биз дээ?

-Уран бүтээлч хүн үргэлж хөглөгдөж, сэтгэлийн хөдөлгөөнд байдаг шүү дээ. Төрөх эмнэлэг рүү давхиж явахдаа хорвоод мэндлэхээр яаран байгаа охиндоо зориулж шинэ дуу зохиосон удаатай. Одоохондоо нэрийг нь нууцалья. Үрдээ зориулсан эх хүний сэтгэлийн дуу учраас Сарнай маань сайхан дуулах байх аа. Бид хоёр ярилцаж байгаад тун удахгүй хөгжмийн бичлэгт орох санаатай. Фэнүүд маань таатай хүлээж авах болов уу.

-Одоо фэнүүд чинь нүсэр хурим л хүлээж байгаа байх даа?

-Хүүе ээ, дэндүү яаруулаад байгаа юм биш үү.(инээв) “Та хоёр хүүхэдтэй болдоггүй юмуу” гэж олон жил биднийг шахсан. Одоо бүр “Хуримаа хий л дээ” гээд шавдуулж эхэллээ. Мэдээж, энэ тухай бодолгүй яах вэ. Хурим хийхгүй бол болохгүй шүү дээ. Эргээд харахад “Амьдралынхаа ихэнх цагийг урлагт өнгөрөөж дээ” гэж бодогддог. Алдсан, бас оносон зүйл ч бий. Хүний амьдрал ямагт хосолж явдаг учраас сайхан хурим хийнэ ээ, бид хоёр. Тэр тусмаа, эх орондоо хийнэ.

-Уучлаарай, аавынхаа дурсгалд зориулж сайхан уран бүтээл гаргаж байсан. Гэхдээ энэ эрхэм хүнийг дурсах сэтгэлийн эгшиглэн үүгээр дуусахгүй байх гэж боддог шүү?

-Тэгэлгүй яах вэ. “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” нэртэй симфони зохиолоо ардын их найрал хөгжимд зориулж бичсэн. “MN-25 дугаар суваг” телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт ардын их найрал хөгжимтэй тоглож бичүүллээ. Эцэг хүү хоёрын харилцаа, аавыгаа хүндэлсэн тэр агуу их хайр, босоо хийморьтой Монгол эр хүнийг төсөөлөн байж би энэ бүтээлээ аавдаа зориулж бичсэн юм. “Давтагдашгүй” тоглолт маань ч “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” зохиолоор өндөрлөсөн.  

-Уран бүтээлийнхээ хажуугаар “Sweetymotion” хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус хамтлагаас хоёр ч гишүүн өрх тусгаарласан шүү дээ. Сүндэрээ, Болороо хоёр гэр бүлтэй болоод ч юмуу хувийн уран бүтээлдээ анхаарах гэх мэт ямар нэгэн өөрчлөлт гарвал яах вэ?

-Тэрийг өөрсдөө л шийднэ. Би тэднийг уран бүтээл рүү нь чиглүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тийм болохоор цаашид хамтлагаа яаж авч явах нь тэд нараас шалтгаална. Миний хувьд, бүсгүйчүүд маань хамтлагаа хэзээ ч орхихгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэх байх гэж боддог. Эмэгтэй хүнд баймааргүй гайхамшигтай чанар, дайчин шинж, энерги хүч тэдэнд байдаг учраас би итгэдэг. Ийм хамтлаг Монголд байтугай дэлхийд ч байхгүй шүү дээ. Охидын хамтлаг удаан хугацаанд тарж бутрахгүй, оршин тогтоно гэдэг хэцүү. “Sweetymotion” хамтлагийнхан урлагаар хөглөгдөж, багаасаа үерхэж нөхөрлөсөн найзууд учраас 16 жил хамт байж чадсан. Тэгэхээр урлаг хүнийг ямар их тэвчээртэй, мэдрэмжтэй, хүн чанартай, илэн далангүй болгон хүмүүжүүлдэг нь эндээс харагдаж байна. Давуу тал ч олон бий.

Р.МӨНГӨН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр(183.81.171.133) 2025 оны 03 сарын 13

Амжилт, аз жаргал хүсье

1  |  0
nmmjhhk(182.160.10.164) 2025 оны 03 сарын 13

odoo hurim hiigeed yahav dee um tsugluulah gej bga bish

1  |  0
vhjj(125.149.71.228) 2025 оны 03 сарын 13

oligtoi neg ch duu baihgui hogjimiin zohiolch baih yum da gaihaltai chadaj bn shuu amjilt

1  |  1
Top