Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Олон улсын Хууль эрхийн Хэмжил Зүйн Товчооны захирал Stephen Patoray, Олон улсын Жин Хэмжүүрийн Товчооны захирал Martin Milton нар захидал илгээжээ.
Бүгдээрээ хэсэгхэн хугацаанд түр амсхийн өдөр тутмын амьдралынхаа тухай магадгүй өчигдрийнхөө тухай бодож үзье. Таньд ямар нэг зүйлийг хийхэд хэмжил хийх гарцаагүй шаардлага хэр их гардаг вэ? Та үнэндээ энэ асуултыг тэр бүр өөрөөсөө асууж байгаагүй байх, гэхдээ эрэгцүүлэн бодох цаг болжээ. Та цагаа харсан уу? (та хугацааг хэмждэг), та хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг эсвэл үйлдвэрлэдэг үү? (та хүндийг нь хэмждэг), та машиндаа түлш хийдэг үү? (та эзэлхүүнийг нь хэмждэг), та цусны даралтаа үзүүлсэн үү? (даралтаа хэмжүүлдэг). Энэ мэтчилэн бидний өдөр тутмын амьдралд тохиолдох тоо томшгүй бусад төрлийн үйл ажиллагаа нь бас л тодорхой төрлийн хэмжил гүйцэтгэхийг шаарддаг. Бид улам нарийсч байгаа амьдралын үйл ажиллагааны баталгааг хангахын тулд олон тооны хэмжлийг үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай тулгарч байна.
Эдгээр хэмжлийг олон янзаар ашигладаг. Хэрвээ та автомашиныхаа хурдыг хэтрүүлж байвал автоматаар тормосоо гишгэдэг, эсвэл цусан дахь сахарын хэмжээ ихэдвэл амттан хэрэглэхээ багасгадаг нь бид хэмжил хийж, түүнийхээ дүнд ямар нэг шийдвэр гаргаж байгаа нь маш энгийн жишээнүүд юм. Мөн бид хэмжлийн үр дүнг ашиглан цахилгааны, усны, түлшний, хоол хүнсний болон бусад хэрэглээнд зарцуулсан төлбөрөө тооцдог.
Нарийн хэмжил нь бидний өдөр тутмын амьдралд хичнээн их ач холбогдолтой байгаа нь таныг гайхшруулж байгаа байх. Заримдаа бидний өдөр тутмын амьдралд салшгүй хийгддэг хэмжлийн хэлбэрүүд нь тэр бүр анзаарагдаад байдаггүй. Хэдийгээр бидний амьдралд орчин үеийн технологи гол үүрэг гүйцэтгэж байгаа ч тэдгээр хэмжлийн нарийвчлал, үнэн зөв байдлыг тасралтгүй дээшлүүлэхийг шаардаж байна. Гэхдээ орчин үеийн өндөр-технологийн ертөнцийн хэвийн үйл ажиллагаа, хөгжил, дэвшил нь бидний шаардлагатай хэмжлийг үнэн зөв, бодитойгоор гүйцэтгэх боломжийг олгож, хангаж байгаа олон улсын тогтолцоонд тулгуурлан биелэлээ олдог болохыг хэмжлийн үйл ажиллагаанд шууд биечлэн оролцдог бидний хэсэг хүмүүс л сайн ойлгож, мэдэрч байдаг.
Дэлхийн хэмжил зүйн хоёр байгууллагын захирлуудын хувьд (ОУЖХТ болон ОУХХЗТ), бидний зорилго бол бид бүгдийн амьдралд хэмжил зүйн гүйцэтгэж байгаа үүргийг ойлгуулан таниулахын төлөө нэгдэн, та бүхэнтэй хамтран ажиллахад оршиж байна. Тавдугаар сарын 20 нь 1875 онд Метрийн Хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхэн тэмдэглэлт өдөр бөгөөд улмаар энэ өдөр 2000 оноос эхлэн хэмжил зүйн дэлхийн хамтын нийгэмлэг “Дэлхийн Хэмжил зүйн Өдөр”-ийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэх болсон билээ. 2013 оны хувьд соёлт иргэншил, хүн төрөлхтний хувьд бидний өдөр тутмын амьдралд хэмжлийн гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдол, үзүүлж байгаа нөлөөнд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор бид “ХЭМЖИЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД” сэдвийг сонгон авсан билээ. 2013 оны Дэлхийн Хэмжил зүйн Өдрийг тэмдэглэхэд бидэнтэй нэгдэн:
Хэмжил зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүсийг энэхүү чухал ач холбогдолтой өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж, улмаар хэмжил зүйн чиглэлээр жилийн турш бидэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн засгийн газар хоорондын ба үндэсний байгууллагуудын ажлын үнэ цэнэтэй ололт амжилтыг олон нийтэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхэд туслахыг уриалж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )