Улс орны эдийн засаг өсч, хувийн хэвшил хөгжиж төлөвшихийн хэрээр хөдөлмөрийн зах зээлийг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтэй ажилчдаар хангахын тулд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бөгөөд салбарт оруулах хөрөнгө оруулалтыг цаашид тасралтгүй хангах шаардлага тавигдаж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжих, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангах, нийгмийн түншлэл салбар дундын зохицуулалтыг төлөвшүүлэх, багш нарыг чадваржуулахад анхааран ажиллаж байна. Салбарт хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүд дуусахад хөгжлийн тасралтгүй залгамж холбоог хангахад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймд Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Азийн Хөгжлийн банкны хооронд Төслийн техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх тухай Харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулаад байгаа юм.Энэхүү төслийн бэлтгэл, техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх Шинэ Зеландын зөвлөх компани түүний гадаад, дотоодын зөвлөхүүд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх гэж байна.
Төслийн үйл ажиллагааг хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн тэргүүлэх 3 салбарт чиглүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргаашийн зөвлөлдөх уулзалтад салбарын яамдууд, ажил олгогч, мэргэжлийн холбоод, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтан, багш нар санал солилцоно.Энэхүү техникийн туслалцааны төсөл 2013 оны 11 дүгээр сард дууссаны дараа 2014 оны 2 дугаар сард мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д оруулж, хэлэлцүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )