Хүүхэд хүчирхийллийн золиос биш

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

“Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо” гэдэг шиг хэлэхэд ч хэцүүхэн явдлын тухай зөндөө л сонсох юм. Тэр бүхнээс хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа хүндхэн асуудлыг сөхөж үзвэл тийм ч таатай зүйл харагдахгүй. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, зодуур нүдүүрийн дунд өсч өндийж байгаа бяцхан үрсээ харахаар нүд хальтирч, сэтгэл эмтрэх нь нууц биш. Нийгмийн хар бараан амьдрал, өнчрөл хагацлын өмнө сөхөрчих шахам бүдчиж яваа тэднийхээ төлөө бид юу хийж гийгүүлэв ээ, өнгөрсөн хугацаанд. “Ажил олдохгүй нь” хэмээн ацаглаж, архи гударч яваагаа амьдралын нугачаанд алдаж оносон хувь тавилан мэтээр тайлбарлах арчаагүй улс өнөө цагт даанч олширч дээ. Зах зээлийн шуурганд өртөж, ахиж өндийх чадалгүй болтлоо доройтсон мэтээр чалчиж суугаа тэдний хувьд амьдралын бэрх давааг олигтойхон сөрөх сэтгэлийн тэнхээ л дутаж байх шиг. Мэдээж хэрэг, хүн болгонд л зовлон бэрхшээл тохиолддог. Тэр бүхэнд гуньж гутраад, харсан бүхнээсээ бурууг эрж, хар ус гударсан архичид хажууд нь буй хань ижил, үр хүүхдээ ёстой л амьдын тамд унагаж амьдардаг гэдгээ даанч ухаардаггүй нь харамсалтай.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг зодож гэмтээх, харгислан тамлах, хүчирхийлэх, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг ихээр гарах болсон нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлж байгаа. Энэ бүхэнд мөнөөх л гашуун ус буруутай мэт ярьдаг боловч үнэндээ хүн чанараа алдсан цэвдэг сэтгэлтнүүдийн гарт хүүхэд зовж байна. Ердөө гуравхан хоногийн өмнө гарсан аймшигтай хэргээс жишээ аваад үзье л дээ. Тавхан настай балчир хүүгээ тэр гэхийн аргагүй болтол нь зодож, хазаж, хана руу шидсэн ЭЦЭГ нэртэй харгис эрийн тамлал олонд ил боллоо. Архины ааг омгоо бяцхан хүүд гарган, заазуураар нурууг нь хэрчиж “зугаацсан” ийм жигшүүртэй нэгэн бидний дунд хээвнэг алхаж яваа гэхэд ой гутмаар. Хоёр, тав, зургаан насны гурван хүүхдээрээ шил, лааз түүлгэн архидаж суудаг балмад эр өдгөө 40 гаруй настай гэж байгаа. Эхнэр хүүхдээ зодож гэмтээн, элдвээр харгислаж сурсан түүнийг цөөнгүй удаа цагдаагийн байгууллагад саатуулсан ч “Гэр бүлийн маргаан” гэсэн нэрээр суллаад явуулчихдаг байж. Бага охиноо найман сартай байхад тогоо руу шидэн хөмсгийг нь сэтэлж, нүдийг нь солир болгосон гэх энэ эр өнөөдөр таван настай хүүгийнхээ биеийг хүйтэн мэсээр зүсч суухдаа сэтгэл нь өвдөөгүй биз.

Зургаан настай том хүүгийнхээ хөлийг төмрөөр цохиж гэмтээчихээд “Гутал холгосон гэж хүмүүст хэлээрэй” хэмээсэн ийм хүнийг ЭЦЭГ гэхэд даанч хэцүү юм даа. Үүнээс гадна хойд эцгийн халааснаас 300 төгрөг авснаасаа болж хоолойгоо хэрчүүлэх дөхсөн долоон настай хүү, архины мөнгө олж ирээгүй гэх шалтгаанаар ээждээ хоёр гараа хугартал зодуулсан найман настай охин гээд л сэтгэл өвдөж, зүрх шимширмээр аймшигтай хэргүүд ар араасаа гарсаар л байна. Ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй шахам балчир охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар эмнэлгийн байгууллагынхан мэдээлэх болсон. 03-08 насны бяцхан охидын хувьд бэлгийн хүчирхийлэл гэдэг бие болон сэтгэлзүйн маш хүнд хохирлыг дагуулдаг нь нууц биш. Аав, ахыгаа ч ойртуулахгүй айж чарлах балчирхан охидыг эмчлэх гэж хэрэндээ л зовж, басхүү халаглаж суугаа эмч нар “Нийгэмд буй энэ бусармаг явдлыг таслан зогсоохын төлөө ямар нэгэн ажил зохион байгуулаасай” хэмээн ярьсныг ч нуугаад яахав. Үнэндээ бид “Амьдрал хэцүү байна” гэж ярьдаг, бас шалтаг тоочдог. Гэхдээ өнөөдөр нийгмийн байдал хүнд хэцүү, хүмүүсийн ахуй амьдрал доройтсон байлаа ч гэсэн бид ХҮН гэдэг утгаа алдах ёсгүй байлтай.

Архичин эцэг эхийнхээ хараалын үгсийг цээжлэх шахам зэмлүүлж, хайр энэрэлгүй харцнаас нь дальдчин суух хүүхэд багачууд чухам хэнээс өмгөөлөл эрж, эрх ашгаа хамгаалах талаар төдийлөн сайн мэдэхгүй. Хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг ч өнөө хэр нь энэ талаар чангахан шиг дуугарч, дорвитойхон шиг арга хэмжээ авсан газар бараг байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт зодуурыг тэсч чадалгүй зугтсан хүүхэд багачуудын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэх шинжтэй. Мэдээж хэрэг, тэдний дийлэнх хувь нь гудамжинд гарна шүү дээ. Хэн ч тэднийг тосоод авахгүй нь ойлгомжтой. Яахав, зохих байгууллагад нь хандсан зарим нэгнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүргэхээс өөр арга олддоггүй гэх. Тэнд ихэвчлэн эр нөхөр, хадмуудынхаа дарамт шахалтанд өртсөн эмэгтэйчүүд балчир үрсээ дагуулаад очдог юм билээ. Харин яг энэ мэт бэрхшээлийг туулсан хүүхэд багачууд тус төвийг зорих нь юу л бол. “Тэнэмэл” гэгдэх гудамжны хүүхдүүдтэй нийлээд орц траншей хэсч, хулгай дээрэм хийж эхэлснээр тэдний хувьд “Буруу замаар будаа тээх” үүд нь нээгддэг гэлтэй. Ийнхүү бидний дунд гуйлга гуйж, гудамжинд тэнүүчилсэн халтар жаалуудын дүр төрх хэвийн үзэгдэл мэт харагддаг болж. Амьдрахын тулд аргагүй эрхэнд ийн зовж зүдэрч яваа хүүхдүүд ч цөөнгүй байгааг дурдах хэрэгтэй болов уу. Гэвч тэдний өмнө хариуцлага хүлээж, эрх ашгийг нь хамгаалах ёстой хүмүүс хаана байна вэ. “Хүн өөрөө л хичээвэл, ямар ч өндөрлөгт хүрч болно” гэж номлох дуртай томчууд, эрх мэдэлтнүүд бидний ирээдүй болсон залуусын хаана юу хийж явааг сонирхохыг ч хүсэхгүй байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Энэ мэт олон асуудлаас болоод хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа хөсөр хаягдаж, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өсөх нь.

Өөрийгөө хамгаалах чадваргүй, сул дорой хүүхэд багачуудыг гэмт хэргийн золиос болгож, басамжлан доромжилж байгаа бузар этгээдүүдийг хэдий болтол өөгшүүлэх вэ, бид. Хүүхдийн сэтгэл гэдэг ямар ч хар толбогүй, цэвэр ариухан цаас лугаа адил гэлцэх нь бий. Түүн дээр юу зурж, бичнэ. Тэр бүхэн амьдралынх нь цаашдын зам мөрийг тодорхойлоход томоохон түлхэц болж өгдөг нь нууц биш. Тун удахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Хүүхдийн баяр дөхөхөөр л баахан уриа лоозон гаргаж, элдэв судалгаа энэ тэр гэж бичиг цаас үзүүлдэг нөхөд энэ үед л ёстой нэг ил гарна даа. Хийж бүтээсэн ажил юу ч байхгүй атал хүүхдэд “хайр” зарлаж, худлаа амласан тэд үнэн хэрэгтээ бол хүүхдийн төлөө “За” гэх бус “Заазс” гэж дуугардаг нь нууц биш. Төсвийн мөнгөнөөс “тоншиж”, хэрэгтэй хэрэггүй цаас үзүүлэхээ ажил гээд бодчихсон хүнд гаруудад бол хүүхэд ерөөсөө сонин биш байлгүй. Хуурамч судалгаа, хий хоосон тоо баримтаас илүүтэй өнөөдөр гарч буй гэмт хэрэг, бодит байдалд дүн шинжилгээ хийж, бяцхан үрсээ аюулаас хамгаалах цаг хэдийнэ болсон гэж бодож байна. Нийгмийн далд сэдэв болсон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, нүгэлтнүүдэд хатуу шийтгэл оноох тал дээр олон хүн санал нэгтэй байгаа биз ээ. Цаасан дээр “мөнхөрсөн” хууль төдийхөнд санаа тавих бус дэргэдээ байгаа хөөрхөн үрсийнхээ ирээдүйн төлөө хийж, хэрэгжүүлэх ажил өмнө минь байна, хүмүүс ээ.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaanaa(202.72.245.150) 2025 оны 03 сарын 13

Minii naiz mundag bichsen bnaa.Munguuduu amjilt husie

1  |  0
Uyach Ulaan (122.201.18.130) 2025 оны 03 сарын 13

Tur tolgoilson darga nar ni nutgiinhaa zeerees ch jijeg davjaa tom hun daaj hezeee ch hoyor alhagui moridiig tsugluulan barag oi hureegui shaham huuhduudeer unuulj uralduulaad aldart uyach nar boldog baihad dooguuraa yu boloh ni todorhoi yum bish uu?

1  |  0
Top